Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхыг төсвийн Ерөнхийлөн захирагч нарт Засгийн газраас даалгалаа. Мөн ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр болсон байна. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болжээ. Хэмнэсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм байна.