Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Монгол, Япон Улс хооронд дипломат паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Дипломат паспорт ашиглаж байгаа хүмүүс тус улсад зөвхөн албан ажлаар зорчиход визээс чөлөөлөх бөгөөд хувийн шугамаар явж байгаа бол заавал виз даруулах шаардлагатай гэдгийг ГХЯ-ны Консулын газрын Захирал Я.Ариунболд хэллээ.
Тэрбээр, “Албан ажлаар тус улсыг зорьж байгаа бол өөрийн байгууллагаас нотлох бичиг гаргуулах ёстой. Монгол Улс бусад оронтой харилцах ажлыг хөнгөвчлөх үүднээс дипломат паспорт эзэмшигчдийг албан ажлаар зорчиж буй нөхцөлд визгүй нэвтрүүлэх тухай хэлэлцээрийг 25 оронтой байгуулсан. Харамсалтай нь дипломат паспорт эзэмшигчид хувийн журмаар зорчихдоо виз аваагүйн улмаас тус улсынхаа хил дээрээс буцаж, цаг зав, мөнгөө гарздах тохиолдол байдаг. Тиймээс иргэдийг дээрх шиг алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.