БСШУС-ын сайдын ивээл дор, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч, Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар боллоо. Уралдааныг энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагчдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжгийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулан эзэмшүүлж, улмаар бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд бүх л салбарт өрсөлдөх иргэн бэлтгэх” зорилго бүхий тус уралдаанд оролцогчдын бүртгэл амжилттай үргэлжилж байгаа аж.
Дашрамд дурьдахад төвийн болон орон нутгаас бүжгийн урлагт сонирхолтой балетын урлагаар хичээллэж буй 6-8, 9-11, 12-14 болон 15-18 насны бүх хүүхдүүд гоцлол болон ганцаарчилсан ангилалд оролцох боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн 120 гаруй хүүхдүүд уралдаанд оролцохоор бүртгүүлээд байгаагаас Улаанбаатар хотоос гадна Ховд, Увс аймгийн бяцхан балетчид бүртгэлдээ идэвхитэй хамрагджээ. Уралдаанд оролцсон наймаас дээш насны хүүхдүүд ирэх сарын 17-25-ны хооронд зохион байгуулах “Цөмөөхэй-2016” бүжгэн жүжигт оролцох эрхтэй болох аж.