богино мэдээ New

Чимээгүй тахалтай тэмцэх өдөр

“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд буюу өнөөдөр Дэлхийн нийтээрээ тэмдэглэж, улс орнууд энэ өвчний талаар олон нийтэд мэдээлэл түгээж тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг..

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

“Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд буюу өнөөдөр Дэлхийн нийтээрээ тэмдэглэж, улс орнууд энэ өвчний талаар олон нийтэд мэдээлэл түгээж тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг.

Чихрийн шижин өвчтэй олон сая хүний амийг аварсан “инсулин” нэртэй эмийг нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон өргөн тэмдэглэх болжээ. Манай улсын 1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орсон гэж үздэг. Хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар болон чихрийн шижин хоёр давамгайлах болсон. Халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж нийт өвчлөлийн 75-80 хувийг шинэ өвчлөл эзлэж байна.

Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар сайн мэдээлэлтэй, урьдчилан сэргийлэх аргыг таниулан сурталчилах юм. Хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр зөвхөн зүрх судасны өвчнийг 80 хувиар бууруулаад зогсохгүй чихрийн шижингийн  хоёрдугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр бууруулах боломжтой.

Дашрамд дурьдахад, Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл 1970 онд 50 тохиолдол байсан бол 2010 онд 7251 тохиолдол болж өссөн нь үнэхээр аюулын харанга дэлдэж байгаа юм.