Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Автотээврийн үндэсний төв Замын цагдаагийн албатай хамтран Монгол улсын хэмжээнд улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Улмаар 947 зорчигчдыг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулах, буудалд хоноглуулах, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Тодруулбал,
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагаас хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон.
-Шийдвэр гарахаас өмнө тээвэрлэлт гүйцэтгэж байсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, 3 суудлын тээврийн хэрэгслийг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Автотээврийн төв дээр 26 зорчигч, Төв аймгийн Лүн сумын сургуулийн зааланд 44 зорчигч, бусад 743 зорчигч зочид буудалд тус тус хоноглуулах арга хэмжээг авч ажилласан.
-Говьсүмбэр аймгаас 27 зорчигчийг Улаанбаатар хот руу, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хот руу, 42 зорчигчийг Орхон аймаг руу тус тус нийт 134 зорчигчийг галт тэргэнд шилжүүлэн суулгасан байна.