Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Ус цаг уурын хүрээлэнгээс цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.
Өнөө шөнө Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангай, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи өнөө шөнө Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах юм байна. Иймээс холын замд гарахгүй байх, малаа хотлуулах бол ойр газар бэлчээрлүүлэхийг анхаарууллаа.
Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
Ус цаг уурын хүрээлэнгээс өгч буй урьдчилсан мэдээгээр энэ сарын 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрч бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.