Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
"Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийн хэлэлцэх үеэр буюу энэ сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг төрийн өндөр албан тушаалд томилохгүй байх заалтыг тусгасан. Мэдээж хэрэг авлигын индексээрээ дэлхийд тэргүүлэх эгнээнд яваа манай улсын хувьд чухал хэрэгтэй заалт байсан. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны ихэнх гишүүд дээрх заалтыг эсэргүүцсэн нь үнэхээр гайхшил төрүүллээ. Улс төрийн сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрт "Төрийн албыг авлигаас салгана" гэж тусгасан байдаг. Гэвч цагаа тулахаар гишүүд яагаад буруу харах болов. Тухайн өдрийн хуралдаанд нийт 14 гишүүн оролцсноос Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нарын есөн гишүүн дээрх заалтыг дэмжээгүй байна. Дэмжээгүй гишүүд нь ганц Ардын нам бус Ардчилсан намын гишүүд байгаа нь бүр сонирхолтой. Тэгэхээр намууд "Авлигын сүлжээг таслана. Авлигагүй эрүүл төрийг бий болгоно" гэдэг зүгээр л цагаан дээр хараар бичигддэг үг төдий зүйл бололтой.