богино мэдээ New

ГАЗРЫН НАЙМААГ ДАЛДЛАХ ОРОЛДЛОГО УУ?

Тэгвэл энэхүү шаардлага ширүүсч төрийн байгууллага, худалдаа эрхлэгч нарын хооронд багагүй маргаан үүсгэн худалдаа эрхлэгчдийг хууль бусаар албадан нүүлгэхээр хүч хэрэглэж эхэлжээ..

    “Да хүрээ” тэргүүтэй автомашин худалдаалдаг автозахуудыг 22-ын товчооны цаана байрлах “Автохудалдааны цогцолбор”-т нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэхүү шийдвэр гарсан ч тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил жил гаруйн хугацаанд удааширч өнгөрсөн сард ашиглалтад орсноор автомашин худалдаалдаг иргэдийг нүүхийг шаардаж эхэлсэн гэхэд болно. Тэгвэл энэхүү шаардлага ширүүсч төрийн байгууллага, худалдаа эрхлэгч нарын хооронд багагүй маргаан үүсгэн худалдаа эрхлэгчдийг хууль бусаар албадан нүүлгэхээр хүч хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-д худалдаа эрхэлж байгаа иргэдийг албадан нүүлгэхээр хүч хэрэглэн, цахилгааныг таслан, орох гарах гарцыг хааж улмаар иргэдийн худалдан авах, түрээслэгчдийн худалдаа эрхлэх эрхэнд халдаад дөрөв хонож байгаа аж.

Энэхүү талбайг 2007 оноос эхлээд найман жилийн турш “Даяар хас” компани түрээслэн эзэмшиж ирсэн байна. Өөрөөр хэлбэл түрээслэгчдийн зүгээс “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг энэхүү талбайн жинхэнэ эзэн нь гэж ойлгон гэрээ хийж түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгч хамтран ажиллаж иржээ. Гэтэл нэг жилийн өмнөөс “Эс Жи Би Юу” гэх компани гэнэт гарч ирэн “Тус талбайг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн зөвшөөрлөөр өмчилж авсан тул автохудалдааны газрыг чөлөөлж өгөх”-ийг шаардаж эхэлсэн байна. Харин түрээслэгчдийн зүгээс 2016 оны аравдугаар сар хүртэл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй гэрээ байгуулж, худалдаа үйлчилгээ явуулахаар тохиролцоонд хүрсэн тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.

“2012 оны долдугаар сард хотын дарга Э.Бат-Үүл захирамж гарган тус нийгэмлэгийн газраас 1000 метр квадратыг хувийн компанид эзэмшүүлэхээр болсон гэсэн. Гэтэл энэхүү газрыг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн өөрсдийн эзэмшил газар гээд олон жилийн турш түрээслэгч нараас багагүй хэмжээний төлбөр авч ирсэн. Ингээд маргаан үүсч асуудал шүүхийн шатанд байгаа. Мөн төмөр замынхан энэхүү газрыг өөрсдийн газар гэдгийг нотолж чадахгүй байгаа юм. Иймээс “Даяар хас” компаниас мөн тус газрыг эзэмших хүсэлтэй байгаагаа нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Нийслэлийн удирдлагууд автозогсоол руу иргэдийг хүчээр явуулахын тулд төмөр зам болон “Даяар хас” компанийн хооронд байгуулсан гэрээнд хөндлөнгөөс оролцож эхэлсэн. Төмөр замын ажилтнууд ч гэсэн нийслэлийн Засаг дарга хүчээр “шахаад” байгаа тул ийм шийдвэр гаргаж байна гээд хүч хэрэглээд дөрөв хонож байна шүү дээ. Ер нь төмөр замынхан эзэмших эрхтэй гэж тайлбарлаж болно гэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөх эрхэд халдаж болохгүй. Энэхүү маргааныг шүүх шийднэ. Мөн гэрээний нэг тал хүч хэрэглэх хууль эрхзүйн заалт байхгүй” гэдгийг өмгөөлөгч Ц.Батбаяр онцолж байлаа.

Мөн “1000 машины зогсоол” төдийгүй “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захуудад автомашины худалдаа эрхэлдэг иргэдийн зүгээс “Анхнаасаа нэг зогсоол сая төгрөгийн үнэтэй байхаар төлөвлөгдсөн байсан. Гэтэл хэдхэн эрх мэдэлтний ашиг олох сонирхлоор ард түмнийг хохироож, үнийг дөрвөн сая төгрөг хүртэлх үнэтэй зогсоолыг барьж, хэвийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нүүлгэх гэж байна. Найман мянган зогсоолыг тус бүрийг нь дөрвөн саяар худалдааллаа гэхэд 124 тэрбум төгрөг болох юм. Энэ их хэмжээний мөнгөний зарцуулалтад багагүй “но” орох нь дамжиггүй, зогсоолыг яаралтай зараад мөнгийг нь ашиглах болов уу гэж хардаж байгаагаа ч нуусангүй.

Мөн хуулийн дагуу буюу түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг гэнэт хүч хэрэглэж буюу гарцыг хааж худалдаа эрхлэх боломжгүй болгон, тог цахилгааныг таслан, усны машинаар иргэдийн хөрөнгөрүү ус цацан, зарим худалдаа эрхлэгчдийн биед халдсан талаар худалдаа эрхлэгчид ярьж байлаа. Энэ талаар өмгөөлөгч К.Султанбек “Би нэг л зүйл хэлмээр байна. Автомашин худалдаж авах иргэдийн эрх ашигт халдаж байна. Үүний цаана хэсэг бүлэг хүмүүс байгаа. Үнэндээ бохирын цэвэрлэх байгууламжаас 100-хан метрийн зайд эдгээр иргэдийг хүчээр аваачин худалдаа эрхлүүлэхээр хүч хэрэглэж байна шүү дээ. Гэтэл энэ үед албадлага хэрэглэх нь хэр зохистой вэ. Мөн тус газарт нислэгийн нам буулт хийдэг. Ингэж буух үед замд нь юу ч байхгүй байх учиртай гэдгийг Иргэний нисэхийн хуульд заасан байгаа. Гэтэл тэр газарт онгоцууд газарт маш ойрхон зайтай хөөрч буудаг. Ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Автохудалдаа эрхлэж байгаа газрууд автозамын түгжрэлийг үүсгэж байна гэвэл эндүүрэл шүү дээ. Энэ хашаан доторх машинууд өдөржин хашаандаа байж л байна. Үүний оронд төрийн 60 мянган албан хаагчаа нийтийн тээврээр зорчуулдаг болгох асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй” гэж байсан юм.

Энэхүү байдалд “Улаанбаатар төмөрзам” нийгэмлэгийнхэн ямар байр суурьтай байгааг тус нийгэмлэгийн Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэдалайгаас тодруулахад “1949 оны гэрээгээр тус газар нь төмөр замын газар гэдгийг тогтоосон. Одоо чухам ямар асуудал үүссэн байгааг нарийн тайлбарлах боломжгүй байна. Төмөр замын газрыг худалдах, өмчлүүлэх асуудал бол хоёр улсын хамтарч шийдэх асуудал” гэлээ. Өөрөөр тус газрыг хувийн компанид эзэмшүүлэх эрх нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд байхгүй гэдгийг тэрээр ийнхүү нотолсон юм.

“Энэхүү газрыг “Улаанбаатар төмөрзам” нийгэмлэгийнхэн өөрсдийн газар гэрээ байгуулан олон жилийн туршид манай компани болон түрээслэгчдээс их хэмжээний мөнгө шамшигдуулж байсан гэх хардлага төрөөд байна” гэж “Даяар хас” компанийн захирал О.Мөнх-Эрдэнэ мөн дурдаж байлаа.  

Автохудалдаа эрхлэгчдийг албадан “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх нь ямар үр дагавар, нөлөөтэй болохыг худалдаа эрхлэгдээс мөн тодрууллаа.

“1000 машины зогсоол” Ч.Пүрэвдорж “Э.Бат-Үүл дарга гурван сарын настай цэцэгт 95 тэрбум, даншигт найман тэрбум, угсраа автобус 20 тэрбум, авто худалдааны цогцолборт 4.8 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Гэтэл нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр зарж байна. Арван зогсоол авлаа гэхэд 40 сая төгрөг болно. Бид хэзээ гаргасан мөнгөө эргүүлэн олж авах билээ. Энэ нь шууд бид нарын бизнесийг шахаж, мөнгө угаан улмаар биднийг дампууруулах юм” гэлээ.

Худалдаа эрхлэгч Ч.Мөнхзул

-Хүний биед хортой амиак, хүнцэлийн хор гээд л хорт бодисууд тэр хавьд ялгарч байгаа гэдгийг нэгэнт тогтоосон юм билээ. Биднийг тийм нөхцөлд албадан нүүлгэх гээд байна. Бид эрүүл аюулгүй орчинд амьдармаар байна.

Худалдаа эрхлэгч Г.Тэмүүжинбат

-Тэр чигтээ бохироор амьсгалж байгаа энэ үед хэн ч тэнд нүүж очин өдөржин худалдаа эрхлэж өөрийгөө ч гэр бүлээ ч хордуулахыг хүсэхгүй байна. Бидний сонссоноор энэхүү зогсоолыг түрээслэх гэрээ 2016 аравдугаар сард дуусах ёстой. Гэтэл төмөр замынхан хувийн хэвшлийн компанид 1000 метр газрыг зарсан гэх асуудал байна шүү дээ гэх зэргээр байр сууриа илэрхийлж байлаа.

Мөн энэхүү газар нь нийслэлийн Засаг даргын мэдлийн газар юм уу “Улаанбаатар төмөрзам”-ын газар юм уу гэдгийг юуны түрүүнд тогтоох шаардлагатай байгаа аж. Хэрэв тус газар нь нийслэлийн эрх мэдлийн газар юм бол юуны учир “Монголын төмөрзам”-ынхан замаас ашиг хайн их хэмжээний түрээсийн төлбөр “унагаж” байсан нь мөн анхаарал татаж байгаа юм.

Ийнхүү автомашины худалдаа эрхлэгч нарт хүч хэрэглэж байгаа нь автозам тавьж, асфальт цутгасан гэх цогцолборлуу худалдаа эрхлэгчдийн хүчээр нүүлгэн нэг зогсоолыг дөрвөн саят төгрөгөөр “шахаж” багагүй мөнгө олох гэсэн башир арга гэж үзэхэд хүргэж байгааг мөн цөөнгүй иргэд хэлж байлаа. Төрийн тусгай хамгаалалтад байсан 130 га газрыг чөлөөлөх шийдвэр гарган байж худалдааны төв гээчийг барьчихаад “Худалдаа эрхлэгчдийг яаралтай нүүж, автохудалдааны цогцолборт очин зогсоол худалдаж авахыг түрээслэгч нараас шаардахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг цуцална” гэх утга бүхий албан бичгийг захын эздэд хүргүүлж байгаа нь дээрх хардлагыг нотлож буй мэт.

Эх сурвалж: Мэдээллийн www.zaluu.com, М.БОЛОР