Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Өнгөрсөн мягмар гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудастаа хүүхдээ тэврээд явж буй эрэгтэйн зургийг авч, “Хүүхдээ шил архиар зарна гэж байна" хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Өнөөдөр энэ мэдээллийн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн: -Энэ сарын 1-ний өдөр нялх хүүхдийг шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл Эрүүгийн хуулийн 113-р зүйлд заасанчлан Хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, тухайн мэдээллийг тавьсан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг эрэн хайж, сурвалжлах ажиллагаа явуулсан. Мөн тухайн мэдээлэлд дурдагдсан иргэн өөрөө цагдаагийн байгууллагад хандсан юм. Тиймээс тухайн мэдээллийг тавьсан иргэн болон сайтуудад арга хэмжээ авч ажиллана.
Тус зурган дээр байсан эрэгтэй тухайн есөн сартай охины өвөө хүүхдээ түр салхилуулаад явж байсан бөгөөд зургийг нь зөвшөөрөлгүйгээр авч, олон нийтийн сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж, нэр хүндэд нь халдсан. Тиймээс энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар хүн гүтгэх гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хүүхдээ сугавчилж явсан, 70 гаруй настай иргэн н.Доржсүрэн: -Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Гэтэл зургийг минь авч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байсан. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань дуулгахад би мэдсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан.
Охины ээж Д.Дэлгэрмөрөн: -Манай аав 70 гаруй настай. Охиныг минь салхилуулаад явж байхад зургийг нь аваад буруу ташаа мэдээлэл гаргасан байна. 40 орчим насны хүн нялх хүүхдээ архиар солино гэсэн мэдээлэл гаргасан байна. Тиймээс бид энэхүү буруу мэдээлэл гаргасан хүмүүст хариуцлага тооцуулахаар холбогдох газар нь хандаж байна.