Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах хориглосон хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хорооны түвшинд хэлэлцээд "УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй" гэж үзлээ.
Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны гишүүд өмнө нь хилийн чанадад данс нээлгэсэн бол үүнийг хэрхэн авч үзэх, аялах, суралцах, эмчилгээнд хамрах зорилгоор данс нээлгэх бол хэрхэх, хувьцааны дансыг юу гэж ойлгох, ер нь гадаад дахь бүх дансыг оффшор данс гэж үзэх эсэх зэрэг асуудлыг хөндөж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Татвараас зайлсхийх, хар бор мөнгө угаах, терроризмтой тэмцэх хүрээнд энэ асуудлыг оруулж ирсэн нь зөв юм. Гэхдээ бүх улс орны дансыг эзэмшихгүй гэж хязгаарлах нь учир дутагдалтай. Зөвхөн хориглосон бүсэд данс нээхгүй байх асуудлыг тусгах хэрэгтэй. Тиймээс асуудлыг нарийн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг 39800 албан хаагчийн тоог цөөлөх шаардлагатай. Үүнийг ТЗ-7-гоос эхэлж хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөнө гэдэг юм уу, ямар нэг байдлаар цар хүрээг нь хумих нь зүй юм” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд, "Хуулийн төслийг Засгийн газар татаж авах ёстой. Улс төр хийх байдлаар энэ хуулийг төслийг оруулж ирсэн нь ухралт болж байна. Үүний оронд Засгийн газар энэ асуудалтай холбоотой олон улсын конвенцид нэгдэх асуудлыг оруулж ирэх хэрэгтэй” гэсэн юм. Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.