Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
2017 онд зөвхөн зээлийн үйлчилгээний төлбөрт л гэхэд 6.7 их наяд төгрөг шаардлагатай байгааг Сангийн сайд мэдээлээд байна. Ялангуяа зээлийн хүүгийн төлбөр нийт төсвийн зардлын дийлэнх хувийг эзэлж, нэг их наяд 380 тэрбум төгрөг даваад байгаа юм. Хүлээгдэж буй бондын эргэн төлөлтүүд, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын олон талт хувилбаруудыг боловсруулан ажиллаж байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд хамгийн ихдээ 400 орчим сая ам.долларын санхүүжилт татах боломжтой тухай Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг онцолсон юм. Санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо Олон Улсын Валютын Сангийн үндсэн дөрвөн нөхцөлийн аль нэгэнд нь хамруулж, тус сангаас гишүүн орнуудад тавьдаг квотын дагуу санхүүжилтийн хэмжээг тодорхойлдог. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангаас гадна гуравдагч орнуудаас санхүүжилтийн дэмжлэг хүсэхээр хэлэлцээ хийж байна. Одоогоор Олон Улсын Валютын Сангийн техникийн баг Монгол Улсад ажиллаж байна. Монголоос гадна Египет улс мөн дээрх хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт тавиад байгаа ажээ.