Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гэр хорооллын айлуудын хашаа байшинг “Буянт ухаа 2” хорооллын байраар солих санал яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хотын удирдлагуудтай уулзахдаа “Буянт-Ухаа-2” хорооллоос борлогдоогүй үлдсэн гурван өрөө орон сууцуудыг гэр хорооллын хашаа, байшингаар солих санал тавьсан аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны өргөтгөсөн хурлаар хашаа, байшинг байраар солих тухай нарийвчилсан журам гаргахаар болжээ. Журмаар хашаа байшингийн байршил, хэмжээ, тухайн өрхөд ямар шаардлага тавих зэрэг асуудлыг тодорхой болгох юм байна. Эх сурвалжийн мэдээллэснээр, эхний ээлжид Нисэхийн гэр хорооллын айлуудаас дээрх байранд оруулах тухай яригдаж эхэлжээ. Гэхдээ зөвхөн Нисэхийн айлуудаас оруулах уу, өөр байршлуудыг хамруулах уу гэдэг нь өргөтгөсөн хурлын дараа илүү тодорхой болох юм байна.