Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг туршилтаар эхлүүллээ. Холимог тээврийн зохицуулалтын дагуу дамжин явах иргэд эцсийн зогсоол хүртэлх үнийг тийз авах газраас бүрэн төлж авах боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл дамжих цэгтээ буулт, зогсолт хийж дахин тийз авах шаардлагагүй болж байгаагийн дээр нэгдсэн тийзээр үнэ хямдарч байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцоллоо. Туршилт амжилттай болбол цаашид тогтмолжуулахаар төлөвлөжээ. Төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем болох ТҮЦ машиныг мөн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх шаардлагатай мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болж, ачаалал буурах тооцоо гарчээ.