-Г.Уянгын хувьд улс төрийн нам зөвхөн тоглоом нь-
Сэтгүүлч Н.Уранхолбоо
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргын албан тушаалаа хэдхэн хоногийн өмнө эргүүлэн авсан гэх Ц.Баянбилэгийн ярилцлага улс төр сонирхогчдын дунд багагүй дуулиан тарив. Өнгөрсөн оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор Улсын дээд шүүх бүртгэж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээсэн Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тэргүүлэхдээ намын гэхээсээ илүүтэй зөвхөн хувийн эрх ашгаа бодож, өөрөө УИХ-ын гишүүн болохын төлөө улайран зүтгэж явсныг түүний ярилцлага олон нийтэд дэлгэн харууллаа.
ТТЭНН-ын дарга Г.Уянга тус намыг удирдах эрхийг авахдаа анхны даргад нь хэд хэдэн амлалт өгсөн ч хэлсэндээ хүрэлгүй нүүр буруулж буйг тус намын үүсгэн байгуулагч, анхны дарга Ц.Баянбилэг өнгөрсөн тавдугаар сард ил захидлаар дамжуулан нийтэд зарлаж байсан. Харин монголчууд төдийлэн анзаараагүй юм. Намаа босгохын тулд хүмүүсээс мөнгө авч, улмаар тэр нь залилангийн хэрэг болон хувирч, хууль хяналтын байгууллагуудад шалгуулж байсан тэрбээр намаа 500 сая төгрөгөөр зарах хэлэлцээрийг тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга нартай байгуулсан гэдгээ ил захидалдаа дурдсан билээ.
Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллагыг улс төрийн нам хэмээн томъёолдог. Тэгвэл АН, МАН, МАХН гээд Монголын улс төрийн ертөнц дэх гол намуудад нэр, нүүргүй болсон Г.Уянга зөвхөн хувийн эрх ашгийн төлөө нам наймаалцаж явсан нь тухайн үед ил болсон ч сонгуулийн дуулианд дарагдаж, олон нийт төдийлэн анзаараагүй өнгөрсөн юм.
Тэгвэл ТТЭНН-ыг удирдан УИХ-ын сонгуульд оролцохдоо Г.Уянга намыг бүхэлд нь удирдан зохион байгуулах үүрэг хүлээж авсан боловч зөвхөн амин хувиа бодож, өөрөө УИХ-ын гишүүн болохын төлөө улайрч явсныг нь ТТЭНН-ын үүсгэн байгуулагч Ц.Баянбилэгийн ярилцлага ил болгов. Түүгээр үл барам намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулахад хатагтай Г.Уянга оролцоогүй бөгөөд УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсон учраас энэ намын хэрэг нэгэнт үгүй болсон хэмээн үзсэн гэлтэй. Улс төрийн намыг зөвхөн хувийн улс төрийн амбийц хийх хэрэгсэл буюу тоглоом хэмээн үздэгээ хатагтай Г.Уянга ийнхүү удаа дараа илчилсээр байна. Дашрамд дурдахад, ТТЭНН-ын энэ сарын 15-нд хуралдсан ээлжит бус Их хурлаар Г.Уянгыг намаас хөөх хүртэл санал гишүүдээс нь гарчээ.