-Эзнийг чинь үзчихээд үхмээр байна-
Сэтгүүлч Л.Баатархүү
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар сүүлийн үед томоохон асуудлуудыг хөндөөд буй. Тэрбээр өчигдөр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонд нэлээд хэдэн хатуухан үг дайв. Ингээд түүний дайсан үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Энэ Орхон гэж нөхөр мөн том байнаа. “Худалдаа хөгжлийн банкийг ярихаа больё тэгэх үү” гээд л. Мундаг байна шүү дээ. Геополитик яриад л. Хамгаалалт мундаг байгаа болохоор ингэж даварч байна л даа. Та нар их л галзуурч байна. “Олон хавар нэгэндээ” гэдэг үг байдаг юм. Ард түмэн та нарыг дийлнэ ээ. Та нар мэтийн нөхдүүд хадгаламжийн мөнгөн дээр тоглож байгаа хүмүүс. Банкны гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтай, нөгөө талдаа хулхи компанитай. Тэр хулхи компани руугаа хадгаламжинд байгаа мөнгийг шахдаг тэгээд цаад талд нь луйвраа хийдэг, улстөрчдийг хахуульддаг. Ийм замаар л та нар амьдарч байгаа нь үнэн биз дээ.
Анод банк ийм маягаар байж байгаад эцэстээ дампуурсан. Та нар тэр Эрдэнэбилэг гэж нууц ноёнтныхоо нүүрийг үзүүлээд аль. Тэр эзэн чинь яасан их нуугддаг юм. Монгол Улс түүний хувийн компанийн өмчлөлд тэр чигээрээ шилжлээ. Эзнийг чинь үзчихээд үхмээр байна. Юунд нь их нуудаг юм. “Даварсаар даварсаар дагвын оронд” гэдэг юм болж байх шив. “Худалдаа хөгжлийн банк”-аас долоон дор засагтай байжээ, хөөрхий.