Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг "World Miss" буюу "Дэлхийн мисс-2016" тэмцээн энэ жил АНУ-ын Вашингтон хотноо ирэх сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-нд болно.
Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болжээ. Тэрбээр дэлхийн миссийн тэмцээний тайзнаа Монгол Улсыг төлөөлөх 12 дахь гоо бүсгүй болж буй юм.
Тэрбээр өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч байв. Мөн АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн туслах дүрд тогложээ.Түүнчлэн ирэх онд нээлтээ хийх Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” уран сайхны түүхэн кинонд гүнжийн дүр бүтээхээр сонгогдсон.
“Miss World” тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс 2005 оноос авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн.
Монголын гоо бүсгүйчүүдээс А.Сарнай одоогоос таван жилийн өмнө БНХАУ-д болсон "Дэлхийн мисс"-ийн тэмцээний шилдэг 25-д шалгарч байсан нь манай оролцогчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт болоод байна.