Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
Энэ сарын 19-нд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болсон. Гэвч ирц хүрээгүй 135 тойрог гарсан юм. Үүнээс аймагт 57, нийслэлд 78 тойрогт гарсан бол 117 нэр дэвшигчийн санал тэнцжээ. Ингэснээр нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд буюу ирэх ням гаригийн 07:00-22:00 цаг хүртэл явуулна. Уг нэмэлт санал хураалтаар өмнө нь санал өгсөн иргэд дахин өгөхгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллээр “Энэ удаагийн сонгуульд нэмэлт ба дахин гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Учир нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн, зарим тойрогт ирц хүрээгүй тохиолдол гарсан” гэв.
Дашрамд дурьдахад нэмэлт санал хураалт нь тухайн хэсэг, тойрогт ирц хүрээгүй тохиолдолд явуулах бөгөөд зөвхөн тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй иргэд оролцох юм. Харин Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т зааснаар дахин санал хураалтыг нэр дэвшигчдийн санал тэнцсэн хэсгүүдэд явуулахаар заажээ. Дахин санал хураалтыг энэ сарын 29-ны бямба гаригийн 07:00-22:00 цагт явуулах юм байна.