Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
“Цэцээ-гүн” тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил харааны бэрхшээлтэй оюутнуудыг хамруулахаар болжээ. Уг тэтгэлэг Монголын их, дээд сургуулийн 17 оюутанд нийтдээ 30 сая орчим төгрөгийн сургалтын төлбөрийг олгоод байгаа юм.
Гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Цэцээ-гүн” залуучуудын клуб боловсролын чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тус клуб ашгийн бус мөн төрийн, шашны бус хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг байгууллага аж.
Зохион байгуулагчид төслийнхөө талаар “Өнгөрсөн жил нэг оюутанд нэг сая найман зуун мянган төгрөгийн тэтгэлэг олгосон. Энэ жилээс бид зөвхөн харааны бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг олгохоор ерөнхий боловсролын 116 дугаар сургууль, Хараагүйчүүдийн үндэсний төвтөй хамтран тэтгэлэгээ өгөх гэж байна. Тооны хувьд олсон орлогоос хамаарна. Өмнө нь харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд Японы Одавара Жоохокү Ротари клубын тусламжтайгаар баррель үсгийн пад хандивлаж байсан. Тэдгээр хүүхдүүдийн сурах эрмэлзэл, нийгмийн шаардлагыг ухамсарлан харааны бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг олгох гэж байна. Энэ удаагийн хөтөлбөрийг дэмжиж Дижитал хамтлаг “Галзуу ганц” тоглолтоо хийн олсон орлогыг 100 хувь хөтөлбөрт маань хандивлахаар болсон. Тоглолт аравдугаар сарын 21-нд 19:00 цагаас Crocus Event Hall-д болно.” гэлээ.