Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
БНСУ-д суралцдаг 26 настай Монгол оюутан эмэгтэй Солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүрийг шатаан их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаасан байна.
Монгол эмэгтэйд ижил төстэй бараа худалддаг нэгэн дэлгүүрийн эзэн “Тэр дэлгүүрийн барааг шатаавал хүссэн хэмжээний мөнгийг чинь өгье” хэмээн захиалга өгсний дагуу ийн гэмт хэрэг үйлдсэн аж. Түүнийг лангуун дахь барааг шатаагаад ирэхэд захиалагч “Мөнгө өгөх боломжгүй, хэмээн хэлжээ. Тэрээр хэрэг үйлдсэнийхээ төлөө 500 мянган вон хүссэн ч өгөөгүй байна. Оюутан эмэгтэйн хэрэг үйлдэж буй үйлдэл хяналтын камерт бичигдсэнийг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна.