Сэтгүүлч Н.Уранхолбоо
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн өдөр буюу энэ сарын 19-нд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. НИТХ-ын тогтоолоор бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа. Түүнчлэн иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд энэ сарын 19-нд амарна. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа юм.