Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өнгөрсөн даваа гаригт шүүн хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ундралд хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон юм. “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал " Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс надад нэг удаа итгэл үзүүллээ. Энэ итгэлийг алдахгүй гэдгээ амалмаар байна. Би буруутай үйлдлээ маш сайн ойлгож, ухамсарласан. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ухуулга сурталчилгаа хийхээр олон зүйл төлөвлөсөн. Шүүх танхимд Төрийн сүлднийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ. Амлалтаа биелүүлэх боломж олгож буруутай үйлдэлд минь тэнсэн харгалзах ял оноосонд баярлаж байна. Ял эдлэх хугацаандаа болон цаашид ч нийгмийг нөмрөөд байгаа хар тамхитай тэмцэнэ. Над шиг битгий алдаач гэдэг үүднээс их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй манай хамтлагийн 19 жилийн ой болно. Түүнээрээ дамжуулан нийгэмд уриалга гаргахаар төлөвлөж байгаа. Алдаагаа засах, уучлал гуйх боломж олгосон шүүхэд баярласнаа дахиад илэрхийлье. Төрийнхөө итгэлийг дааж чадна. Нийгмийг уриалсан уран бүтээл, үйлдэл бүрээрээ намайг таньдаг, мэддэг хүмүүсээс уучлал гуйна гэж төлөвлөж байгаа" гэдгээ мэдэгдсэн юм.