Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг шинэ парламент баталсан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж, ахмадууд цэцэд ханджээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, СГЗ Г.Аким нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Сэтгүүлч, орчуулагч Г.Аким энэ тухайд, “Хүн чинь насаараа хөдөлмөрлөөд зохих шимтгэлээ улсдаа төлөөд явдаг. Тэрхүү татвараар төр сангаа бүрдүүлдэг. Тэр мөнгийг бид насан өндөр болсон хойноо авах мөнгө. Гэтэл төр эргүүлж энэ мөнгөө өгөх болохоор луу унжиж байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталж байхад бид нийтийн эрх ашгийг хамгаалсан сайхан хууль болж байна гэж харж байлаа. Өнөөдөр "Насны хишиг"-ийг олгоно гэж байна. Гэтэл энэ хишгийг 70-аас дээш насныхан авах нь. 60-70 настай ахмадууд юу ч авахгүй байхуу. Үүний зэрэгцээ хишгийг хүртэхдээ ялгаатай олгож байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм" хэмээн ярив.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосноор ахмад настны эрх зүйн орчныг дордуулж, өмчлөх эрхэд халдсаны дээр төрийн залгамж чанарыг үгүйсгэж байна хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн, "МАН-ын гишүүдийн зүгээс өгч буй тайлбараар бол хууль зөвхөн 7000 хүнийг хамрах явцуу хууль байсан. Тиймээс хуулийг хүчингүй болгосон хэмээн тайлбарлаж буй.
-2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр баталсан. Санхүүжүүлэх төсөв бий юу" гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга С.Эрдэнэ, "Хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр баталсан. Гэхдээ эргэн хэрэгжүүлэх хугацаа хэзээнээс байх вэ, хэдэн хувиар тооцох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтооно гэж байгаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг 77 мянган ахмадаас 7000-д нь хууль үйлчилнэ гэсэн асуудал яриад байгаа юм. Төдөн хүнд үйлчилнэ гэсэн заалт хуулинд байхгүй" гэсэн тайлбар өгч байв.
Ахмадууд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Цэц тун удахгүй энэ асуудлаар дүгнэлтээ гаргах аж.