Сэтгүүлч Г.Лхагва
"...Хятадын харилцаа холбоо, гар утас үйлдвэрлэгч “Huawei”, ZTE компанийг олон улсад тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж хардлаа. Тэд эдгээр компанийн үйл ажиллагааг сайтар хянах, болгоомжлохыг анхааруулжээ..." гэх мэдээлэл одоогоос хэдэн жилийн өмнө гарч дэлхийн нийтийг төдийгүй монголчуудыг гайхшруулж байсан.
Тэгвэл мэдээлэл технологи өндөр хөгжсөн орчин цаг үед технолгиор дамжуулан хянаж шалгах, хувийн хүний байтугай улсын нууцад хамаарах олон чухал мэдээ мэдээллийг өөрсдийн талд авахын тулд гадны компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Товчоор хэлбэл кибер тагнуул хийж буй талаарх мэдээлэл олонтаа. Энэ бүхэн манайх шиг жижиг улсад хамаагүй мэт сэтгэж явсан цаг үед ард хоцорчээ. Тиймээс бүгдээрээ асуудалд өөрөөр хандах цаг ирсэн байна.
2012 онд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын ЗГ-т олгох экспортын зээл авахаар болсон. Уг экспортын зээл хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нийт 7 төсөл багтсан байсан юм. Эдгээр төслүүдийн нэг нь өнөөдөр асуудал болон "босч" ирээд буй "Цахим эрүүл мэнд" хөтөлбөр билээ. Уг хөтөлбөрийг манай оронд хэрэгжүүлж эхлэхийн тулд Хятадууд анх 19,6 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүнийгээ 18.95 сая ам.доллар болгон өөрчилсөн түүхтэй.
"Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлэхээр зарласан ОЛОН УЛСЫН ТЕНДЕР
Хятадын тал зээлийн асуудлыг хариуцаж байгаа учраас дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын тендер зарласан байдаг. Уг тендерт нь "Haier", "Huawei", "ZТЕ" гурван компани оролцсон байдаг. Гэвч дээрх гурван компани нь гурвуулаа Хятадын төрийн өмчит компаниуд юм. Ингээд олон улсын тендер гэх нэртэй уг тендерээс "Huawei" шалгарсан байдаг. Ялалт байгуулсан "Huawei" компани манай улсын эрүүл мэндийн хамгийн чухал мэдээ мэдээллийг агуулсан бүх иргэдийн хувийн мэдээллийг агуулсан эрүүл мэндийн мэдээллийн санг "гартаа" атгахаар болов. Тодруулбал, тус компани нь манай улсын анхан шатны 318 байгууллагаас гадна бүх төрөлжсөн мэргэжлийн төв, төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болох 48 том эмнэлэгт 7 мянган компюьтер нийлүүлэх болон програм хангамжийг нийлүүлэхээр болсон юм.
Үндэсний эрх ашгийнхаа төлөө Хятадын талтай хийсэн хатуу гэрээнд хэсэгхэн хугацаанд өөрчлөлт оруулав
Үндэсний эрх ашгийг хамгаалахаар нэгдсэн иргэд программ хангамж буюу мэдээллийн санг Хятадын талд өгөх нь эрсдэлтэй учраас дээрх шийдвэрийг эргэж харахыг хүссэн юм. Ингээд иргэдийн хүсэлтийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн зөвшөөрч Хятадын талтай байгуулсан хатуу гэрээнд "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн програм хангамжийг бүрэлдэхүүн хэсгийг дотоодын компаниар гүйцэтгүүлэхийг хариуцсан яаманд даалгажээ. Гэвч Шинэчлэлийн засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг тэргүүтэй шинэ засаг гарч ирсэнээр дээр асуудал замхарч манай талаас тавьсан шаардлагын дагуу Хятадын "Huawei" компани програм хангамжийн бүрэлдэхүүн хэсгийг хийлгэхээр сонгон шалгаруулалт явуулсан гэдэг. Гэвч шалгарсан гэгдээд буй "Метронетворкс" ХХК-ийн талаар тодорхой мэдээлэл одоо болтол байдаггүй. Шалгарсан "Метронетворкс" ХХК нь Дарханд ажиллаж байсан гэдэг бөгөөд 2015 оны 1 дүгээр сард эзэд нь өөрчлөгдөж үүнээсээ ердөө 3 сарын дараа Монгол Улсын эрүүл мэндийн мэдээллийн сангийн програм хангамжийг хийх туслан гүйцэтгэгчээр шалгарав. Түүгээр ч барахгүй 2006 оноос хойш эмнэлгийн програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Mон-айти" компанид ажиллаж байсан Э. Гантулга тэргүүтэй 3-5 залуус ажлаасаа гарч дээрх компанид орсон аж.
Хамгийн ноцтой нь өнгөрсөн оны 11 дүгээр сард олны анхаарлыг татсан ЭМС-ын яамны сайд асан Г.Шийлэгдамбын авилгын хэрэгтэй нэр холбогддог. Ер нь гадны компаниудын нэрийг барьж томоохон төсөл хөтөлбөрүүдийн туслан гүйцэтгэгч гэдэг нэрийн дор "буруу" замаар будилаантуулдаг гэх хардлага эндээс өөрийн эрхгүй төрж байна.
/Эрүүл мэндийн сан дахь иргэдийн мэдээллүүд/
/Эрүүл мэндийн сан дахь иргэдийн мэдээллүүд/
Монгол Улс иргэдийнхээ өвчний түүх, намтар, хувийн мэдээллийг бүхэлд нь алдах аюултай
Энэ бол дээрх үйл явдлыг цаадах хамгийн муу үр дагавар. Дэлхий нийт "Huawei"-гээс татгалзаж байхад манай улс уг компанийг хүлээн зөвшөөрөөд улмаар өөрийн улсын үндэсний аюулгүй байдал яригдах хэмжээний том асуудлыг тэдний гарт өгөх гэж байна. Холбогдох яамнаас тодруулахад БНХАУ-ын "HUAWEI" сонгон шалгаруулалтыг хийсэн гэдэг. Үнэхээр тийм бол хууль тогтоомж зөрчсөн асуудал болж таарна. Цаашлаад иргэний мэдээлэл дээр өвчтөний мэдээллийн сан давхар бүртгэгдээд явдаг. Хууль ёсны тендерээр шалгараагүй "Метронетворкс" ХХК-аар дамжин Монгол улсын иргэдийн эрүүл мэнд болон өвчлөлийн нууц мэдээллүүд гадагш алдагдах эрсдэл байна.
Манай улсын иргэдийн бүхий л мэдээллийг авсан гадны орныхон чухам юу хийх бол...? Ямар ч зорилгоор ашиглахыг үгүйсгэхгүй. Генийн бүхий л мэдээлэл болон хувийн бүх мэдээлэл тэдний мэдэлд очих аюултай. "Цахим эрүүл мэнд" төслийн програм хангамж нь Монгол Улсын иргэдийн болон өвчлөлийн цахим мэдээллийн сангаас бүрддэг бөгөөд нууцлал өндөртэй байх ёстой хувь хүний овог нэр, регитрийн дугаар, утас, е-мэйл хаяг, эмчид үзүүлж тавигдсан онош, хэрэглэдэг эм тариа, хийлгэсэн шинжилгээнүүд, рентген болон дүрст оншилгооны зурагнууд, хэвтэн эмчлүүлсэн түүх, хийлгэсэн мэс ажилбарууд, биеийн байдлын үнэлгээ зэрэг эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээллүүдээс гадна гэр бүлийн мэдээллийг хадгалсан байдаг. Эдгээр мэдээлэл нь эмнэлгүүдэд нэгтгэгдэн улсын эрүүл мэндийн мэдээллийн сан болдог.
Энэхүү цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, нууцлал, хэвийн ажиллагаатай холбоотой ажлыг гадаадын компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, туслан гүйцэтгэгчийг сонгохдоо Эрүүл мэндийн яамны хяналтанд шалгаруулаагүй. Ийнхүү сонгогдсон компанийн үйл ажиллагаа доголдох, болзошгүй ямр нэгэн саад бэрхшээл гарах үед салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдах, тасалдах, зогсох хүртэл нөхцөл байдал үүсэх, улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох хүний аюулгүй байдалд сөргөөр ч нөлөөлж болзошгүй юм.
Хамгийн сүүлд энэ сард шинэ сайд А.Цогцэцэг дээрх төсөл хөтөлбөрийн хугацаа дуусах гэж буй тул "Huawei" болон "Метронетворкс" ХХК-иар дээрх ажлуудыг түргэн шуурхай хийлгэж дуусгах тушаал гаргажээ. Асуудалд ийнхүү хөнгөн, шуурхай хандаж болохгүй. Тиймээс шинээр томилогдсон сайд учраас дээрх бүх мэдээллийг бүрэн гүйцэт аваагүйгээс ийм шийдвэр гаргасан байх гэж найдахаас өөр арга алга. Энэ асуудлыг дахин хэлэлцэж асуудлын мөн чанарыг тунгааж үзэх хэрэгтэй биз ээ.
Гол нь дээрх компанийг хэрхэн шалгаруулсан, ажлыг хийж чадах эсэх бүр цаашилбал Монголын ард түмний эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээлэл харийнханы гарт орчихгүй л байгаасай.
Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluu.com