богино мэдээ New

III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Үндэсний баг Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудад ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношлогоо, 50 гаруй нэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.  Өөрөөр хэлбэл  энэ хэмжээний иргэдийг Улаанбаатар хот руу явуулж, зардал чирэгдэл болохоос урьдчилан сэргийлж, орон нутагт нь тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлсэн гэсэн үг юм. .

   Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэдийн урсгал, гуравдугаар шатлалын эмнэлгийн хүлээгдэл, төвлөрлийг сааруулах зорилготой Үндэсний баг манай аймагт ажиллаж байна. 

Төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийг бууруулах зорилго бүхий “Үндэсний баг” Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдаж, нийслэл, дүүрэг, орон нутагт ажиллаж  эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж буй  жишиг баг юм. 
Үндэсний багт Хавдар судлал үндэсний төвийн химийн эмчилгээний зөвлөх эмч, мөн тус эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, Улсын төв хоёрдугаар эмнэлэг болон III  эмнэлгийн ангиографийн эмч, сувилагч, техникч долоон хүн  багтжээ. 

Манай аймгийн БОЭТ-д энэ сарын 28-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай ажиллана.  Энэ хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа 

  • Хавдрын  тусламж үйлчилгээ 
  • Зүрх судасны тусламж, үйлчилгээ
  • Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/

Гэмтэл согогийн тусламж үйлчилгээг  нэн шаардлагатай иргэдэд /хорт хавдартай, хавдар нь дахисан, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг,  яаралтай үеийн хагалгаа/  тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сургах, мэргэжил арга зүйгээр хангах юм. 
Орхон аймагт ажиллаж буй Үндэсний багийн ахлагч Хавдар судлал үндэсний төвийн Химийн эмчилгээний зөвлөх зэргийн эмч Н.Орхон “Орхон аймгийн БОЭТ суурь бааз, боловсон хүчин  сайтай эмнэлэг.  Бидний багийн гол зорилго орон нутаг дахь бааз сайтай эмнэлгүүддээ зарим эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлэх, нутагшуулахад ажлын байран дээр нь зөвлөн туслах үйлчилгээг цогцоор нь үзүүлж буйгаарай онцлог юм. Тэр хэрээрээ нийслэл рүү явах урсгалыг сааруулж, орон нутагтаа эмчилдэг болохыг зорьж байна. Ингэснээр цаг хугацаа, эдийн засаг талаасаа тухайн иргэнд өндөр ач холбогдолтой. Орхон аймгийн БОЭТ бүсийн хэмжээнд зарим төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлээд эхэлсэн нь сайшаалтай. Мөн зарим чиглэлээр эмч, мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэж байгаа нь туйлын сайн” гэлээ. 

Хавдар судлал үндэсний төвийн элэг, цөс нойр булчирхай эрхтэн шилжүүлэх төвийн эмч А.Эрболат “БОЭТ боловсон хүчний хүний нөөц сайтай эмнэлэг гэж би харж байгаа. Элэгний мэс заслын эмчээ бэлтгэсэн. Цаашид орон нутагтаа элэгний хорт хавдрын мэс заслыг хийх боломж бүрдсэн. Миний хувьд зөвлөн туслах тал дээр нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ  элэгний хорт хавдрын хагалгааг  хийхээр төлөвлөж байна” гэв. 

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Үндэсний баг Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудад ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношлогоо, 50 гаруй нэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.  Өөрөөр хэлбэл  энэ хэмжээний иргэдийг Улаанбаатар хот руу явуулж, зардал чирэгдэл болохоос урьдчилан сэргийлж, орон нутагт нь тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлсэн гэсэн үг юм. 

Эх сурвалж: Мэдээллийн төв