богино мэдээ New

Алтны татвартай холбоотойгоор ил захидал хүргүүллээ

алтны роялтийг нэмэх нь эдийн засагт хувь нэмэрээ өгөхөөс илүүтэй, байдлыг дордуулж, олж байгаагаа алдах нөхцөл байдал үүсэхийг Эрхэм гишүүд та бүхэн анхаарч, эргэж нэг харна уу!.

ЭРХЭМ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ!

    Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд бүсээ чангалан, зардлуудаа танах, шаардлагатай бүхий л арга хэмжээг авах нь зүй ёсны хэрэг боловч зарим төрлийн татварыг нэмэх асуудал тухайлбал, алтны роялтийг нэмэх нь эдийн засагт хувь нэмэрээ өгөхөөс илүүтэй, байдлыг дордуулж, олж байгаагаа алдах нөхцөл байдал үүсэхийг Эрхэм гишүүд та бүхэн анхаарч, эргэж нэг харна уу!

2013 оны 1-р сараас эхлэн Алтны татварын хувь хэмжээг бууруулан 2,5 % болгосноор алтны салбарт бодитой эерэг үзүүлэлтүүд гарсан билээ. Тухайлбал, татварын орчин таатай байх үе буюу 2005-2006 онуудад жилд 20 орчим тонн алт олборлож байсан бол 2007, 2009 онуудаас эхлэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, "Урт нэртэй" хуулиуд шил шилээ даран гарч энэ салбарыг уналтад оруулж, жилд тушаах алтны хэмжээ 3 хүрэхгүй тонн болтлоо буурсан юм. Үүнтэй зэрэгцэн алтны хууль бус, далд наймаа цэцэглэсэн гашуун түүх дөнгөж сая байсан билээ.

Ийнхүү үндсэндээ уначихсан байсан энэ салбарт хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийг хийж, 2013 оноос эхлэн алтны роялтийг 2,5 % болгон бууруулсан нь үр өгөөжөө өгч, 2013 онд 7 тн, 2014 онд 13,8 тн, 2015 онд 15 тн алт олборлож Монголбанкинд тушааж ирлээ. 2016 оны хувьд дотоодын алт олборлогчид 20тн төлөө чармайн ажиллаж байна. Хууль эрхзүйн энэ таатай орчныг дагаад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тоо 3 дахин өсч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ 70%-иар нэмэгдсэнээр эдийн засагт бодит хөрөнгө оруулалт, валютын томоохон нийлүүлэлт бодитой болж чадсан юм. Нөгөөтэйгүүр алтны татварын хувь хэмжээг багасгаснаар мэдээлэл илүү ил тод болж, хууль бус алтны наймаа байхгүй боллоо.

Өнгөц харахад татвар бууруулснаар Улсын төсвийн орлого багасч байгаа мэт боловч эцсийн дүнд бодит үр дүн роялтийн хөнгөлөлтөөс олон дахин давсан орлогыг бусад олон төрлийн татвараар алтны компаниуд өгч байгаа юм. Ганц жишээ нь 10 кг алтнаас 7,5% татвар авах, 1000 кг алтнаас 2,5% татвар авах уу, мөн хамгийн гол нь алт-валютын нөөцөө далд зах руу алдахгүй авах уу гэдгийг бодитоор харж хууль гаргах нь зүйтэй. Одоогийн шинээр өргөн баригдсан хуулиар-алтны татварыг өсгөснөөр компаниуд Монголбанкинд тушаах нь эрс багасч, тэр хэмжээгээр худалдаа далд хэлбэрт шилжиж, улсын нөөцөд орох алтны хэмжээ буурах бодитой эрсдэл байгааг Эрхэм Гишүүд та бүхэн тунгааж, татвар нэмэх хуулийн төслийг эргэн нэг харж, зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Алт нь манай улсын шилжилтийн хүнд 1990-2000 оныг дааж гарсан түүхтэй салбар гэдгийг та бүхэн эргэн нэг санаарай!

Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр хугацаанд тогтвортой бус сонгуулийн мөчлөгөөр үйлчилдэг хуультай улс болох нь Монгол Улсыг муухай харагдуулж эдийн засагт улам бүр сөрөг үр дагавар. бий болгоно гэдгийг та бүхэн мөн анхаарна уу!

МОНГОЛЫН АЛТ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО