Ростех болон Монголын Зэс Корпораци ХХК-иуд 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн компани (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК)-иуд дахь Ростехийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг "Монголын Зэс Корпораци" ХХК-д худалдах гэрээнд гарын үсэг зурав.
Хэлцэл нь бүрэн дуусгавар болж Ростех төлбөрөө хүлээн авлаа.
Энэхүү хэлцэл нь Монгол, Оросын талуудын эрх ашигт бүрэн нийцтэй байхын зэрэгцээ зах зээлийн нөхцөлд суурилсан байна. Уг хэлцлийг хийхийн тулд хоёр компанийн 49 хувийг төлөөлөх хувьцааг зах зээлийн нөхцөл байдал, компаниудын хөрөнгийн чанар, цаашид хөгжүүлэх боломж зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлжээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлд олон улсын аудит, зөвлөхүүд хөндлөнгийн үнэлгээ өгсөн байна.
Улс төрийн хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци ХХК-д худалдах ажиллагааны талаар ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэрүүд гарсан бөгөөд корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүд тус тус гарсан болно. Хэлцэл нь Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ хоёр орны улс төрийн харилцааг улам илүү батжуулах нэгэн хөшүүрэг болох юм.
Ростехийн хувьд дээрх компаниуд (Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК) дахь өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдан мөнгөжүүлэх шийдвэр нь корпорацийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх болон 2025 он хүртэлх корпорацийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэхэд оршино.
Монголын Зэс Корпораци ХХК-ийн зөвлөхөөр олон улсын Скадден хууль зүйн фирм ажилласан бол Ростехийн хуулийн зөвлөхөөр Бэйкер энд М тус тус ажиллажээ.
Ростехийн Ерөнхий захирал Сергей Чемезов: “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах хэлцлийн гол суурь нь бид өөрийн уул уурхайн компаниудыг зөв удирдах, Ростехийн стратеги, төлөвлөлтөд нийцүүлэн өөр төрлийн хөрөнгөнд тохирсон менежментийг хэрэгжүүлэх юм. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдсан нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов. Уул уурхайн компаниудын хувьцааг 100 хувь авснаар Монголын тал дээрх компаниудыг цаашид өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж бүрдлээ. Бид энэхүү хэлцэл нь цаашид Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг нээсэн үйлдэл бөгөөд хоёр орны улс төрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ростех нь цаашид Монголын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, литиум олборлолт, тээвэр ложистик болон бусад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өөрийн байр сууриа өргөжүүлэхэд бэлэн байна.
Манай корпорацийн менежментийн бодлогын дагуу уг хоёр компанийн 49 хувийг удирдах ажлыг Ростех Бизнес Девелопмент хариуцан гүйцэтгэдэг байсан. Ростех Бизнес Девелопмент компани нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветметийн хувьцаа эзэмшигчийн хувиар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, менежментийн зардлыг зөв хуваарилах болон компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх зэрэг хямралын эсрэг чиглэсэн олон арга хэмжээг авсан билээ” хэмээн тэмдэглэв.
РТ Бизнес Хөгжил ХХК-ийн Гүйцэтгэх захирал Андрей Коробовын цохон тэмдэглэснээр “Ростех болон Монголын зэс корпорацийн хооронд зурсан гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг тогтоогоод зогсохгүй, Оросын талын хувьцаа эзэмшигч Ростехийн хөрөнгийг зах зээлийн түвшинд нийцүүлэн мөнгөжүүлсэн томоохон жишээ болов. Уг компаниудын санхүү, аж үйлдвэрийн чадавхыг сайжруулах зорилгоор РТ Бизнес Хөгжил ХХК-ийн санаачлан боловсруулсан стратеги, цогц арга хэмжээнүүд нь хувьцааг хоёр талын эрх ашигт нийцсэн нөхцөлийн дагуу худалдах боломжийг бүрдүүлсэн. Түүнээс гадна энэ хэлцэл нь аливаа хөрөнгийг зөв зохистой удирдаж хувьцаа эзэмшигчийн үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болсны зэрэгцээ бусад олон салбарт аливаа хөрөнгийг худалдах, хувьчлахаас өмнө хэрэгжүүлж үнэ цэнийг нэмэгдүүлж болох арга хэмжээ болсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэхүү моделийг бусад хөрөнгүүдэд мөн ашиглаж болох бөгөөд ингэснээр корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан төсөл, хөтөлбөртөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгох юм”.
“Ростех улсын корпораци” нь иргэний болон цэргийн зориулалтаар өндөр технологи, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэх, экспортлох зорилгоор анх 2007 онд байгуулагдсан. Тус корпораци нь нийт 663 аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Тэдгээрийн 9 компани нь толгой компанийн хувиар цэрэг, аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 6 компани нь иргэний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 32 компани Ростехийн шууд удирдлагад байдаг. Ростехийн мэдлийн олны танил болсон брендүүдэд Автоваз, Камаз, Оросын Нисдэг тэрэг, VSMPO-AVISMA багтана. Ростехийн салбар компаниуд ОХУ-ын 60 бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж, 70 гаруй орон руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.
“РТ Бизнес хөгжил” ХХК нь санхүү, аж үйлдвэрийн компани, төслүүдийг удирдан явуулахаар 2014 онд Ростехээс байгуулсан тусгай компани юм. РТ Бизнес хөгжил ХХК-ийг байгуулах гол шалтгаан нь Ростехийн гол үр ашигтай салбарт ажиллаж байгаа компаниудыг мэргэжлийн хөрөнгийн удирдлагаар хангах, олон төрлийн санхүүгийн хэрэгслийг ашиглах байв. РТ Бизнес хөгжил ХХК нь голлон инноваци, өндөр технологи (харилцаа холбоо, электроник, мэдээллийн технологи болон бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) болон бусад уламжлалт салбарт (ашигт малтмал, тээвэр ложистик, дэд бүтэц) ажилладаг. РТ Бизнес хөгжил ХХК нь РТ Глобал Ресурсис ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бол Ростех нь РТ Бизнес хөгжил ХХК-ийн 100% хувьцааг тус тус эзэмшдэг.
“Монголын Зэс Корпораци” ХХК нь Монгол Улсын дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь анх 1978 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр нь Ази тив дэх хамгийн том зэс, молибден олборлох, боловсруулах үйлдвэр бөгөөд жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530,000 тонн зэсийн баяжмал, 4,500 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлдэг.
“Монголросцветмет” ХХК нь анх 1973 онд хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан. Тус компани нь Бор-Өндөр сумын (12,000 орчим хүн амтай) гол аж ахуйн нэгж бөгөөд жонш, алт, төмрийн хүдэр олборлож, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг.
Эх сурвалж: http://rostec.ru