www.24tsag.mn
Монголын хамгийн алдартай хүмүүсийн нэг, мөн Монголын хамгийн онч мэргэн нэгэн бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Отрядын гүндэгмаа юм. Ингээд түүний амьдрал, амжилтыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
“Ааваасаа төрсөн охин”: Отрядын Гүндэгмаа 1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Багадаа аваасаа ер салдаггүй хүүхэд байв. Аав нь хаана л явна Гүндэгмаа хормойдоод дагаж гүйнэ. Амихандаа л Д.Отряд гуай мод хөрөөдөж байхдаа хүртэл өвөртөлчихсөн байдаг байв. Хүмүүс “Чи хэнээс гарсан юм бэ?” гэж Гүндэгмаагаас асуухад “ааваасаа” гээд хээв нэг зогсож байдаг байлаа.
“Хоол хийдэг баатар”: Нэгдүгээр ангид дөнгөж ороод анх удаа хоол хийдэг баатар болов. Урд нь хоол хийхийг зөндөө харж байсан болохоор аавыгаа өдөр ирэхэд нь сайхан лапша хийж өгнө гээд том савны талаар усанд хүзүүний яс хийж буцалгаад дээр нь гурил хийж орхив. Давсыг нь тааруулж чадахгүй болохоор хийгээгүй гэдэг. Мөн дунд сургуульд байхдаа л биеийн тамирын хичээлдээ сайн байсан. Энэ нь ч спорт руу хөтөлсөн биз.
“17-той Азийн мөнгөн медальт”: О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн төрлүүдэд өрсөлддөг. О.Гүндэгмаа буудлагын спортоор хичээллээд гуравхан жил болоод буюу 1995 онд 17-хон насандаа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэр үед аав Д.Отряд нь “Охиноо спортод уруу татсаны хэрэг бүтэх нь” гэж ярьсан юм.
“Шагнал”: Түүний амжилтуудаас дурдвал 1998 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2006 онд Дэлхийн аваргын багийн болон хувийн хүрэл, 2002 онд Азийн аваргын хүрэл, мөн Азийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай бөгөөд 2005 оны Зүүн Азийн наадмын мөнгө, Ази, Африкийн наадмын хүрэл медаль зэрэг олон арван шагналын эзэн билээ.
“Хүүхдүүд”: О.Гүндэгмаа өөрийн багш Л.Ундралбаттай нэг гэрт орж амьдрах болсон. Хүний амьдралд олон зүйл тохиолддогоос цааш Л.Ундралбат, О.Гүндэгмаа нарын харилцаа төгсч түүний дараагаар Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилан сууж, спортын хүчирхэг гэр бүлийг бий болголоо. Түүний том охинг Соёл-Эрдэнэ гэдэг. Хүүхдүүдийн хамт.
“Атланта”: Түүний анхны олимп бол “Атланта 96” юм. Хийн буудлагын тэмцээн 1996 оны 7 дугаар сарын 21-нд болоход Монголоос оролцсон О.Гүндэгмаа 372, Д.Мөнхбаяр 377 онолоо. Тав хоногийн дараа спорт гар бууны 25 м-ийн төрөлд О.Гүндэгмаа 681.3 оноо авч айрагдлаа. Түүний дараагаар олон хүмүүс түүнийг амжилт гаргана гэж, хэвлэлийхний дунд ч эрэлттэй хүн болов. Түүний дараагийн олимп буюу Сиднейн олимпод оролцож хийн буудлагаар 9, спорт гар буугаар 6-д орсон юм. Энэ үед Сиднейн олимпод дасгалжуулагчгүй очиж оролцсон юм.
“Алт шиг мөнгөн медаль”: “Бээжин 2008” зуны олимпийн наадам. Наймдугаар сарын 13-нд спорт гар бууны 25 метрт онч сорьсон шилдэг буудагчдаас найм нь медалийн төлөө, цаашлаад олимпийн аваргын төлөө 20 сум буудахаар шалгаран үлджээ. Оноогоороо тэдний тэргүүнд Монголын тамирчин Отрядын Гүндэгмаа жагсч байлаа. Буудаж эхлээд төд удалгүй түүний буу гацлаа гээд л явчихав. Олон хүмүүс юу болчихов оо, яадаг билээ гээд сандарч эхэллээ. Тэмцээн дууссаны дараа манай тамирчин хоёрт жагсчихав. Түүний дараа, ямар ч гэсэн “алт шиг” мөнгөн медаль авлаа даа, за яахав дараагийн олимпод авнаа гэж монголчууд ярьж байсан юм.
“Бээжин 2008”: Монголын тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш аваагүй мөнгөн медалиа 28 жилийн дараа ийнхүү авсан юм. Медалийн тавцнаа хэдий Герман улсаас оролцсон ч элэг нэгт Д.Мөнхбаярын хамт гарсан нь ч мөн ховорхон тохиох үйл явдал боллоо.
“Нөхөр”: Монголын спортын түүхэн дэх хамгийн хүчирхэг гэр бүл. Хөдөлмөрийн баатрууд. Түүний нөхөр Х.Цагаанбаатрын талаар танилцуулах нь илүүц биз. Удахгүй тэрээр 24tsag.mn-ы алдартнуудын буланд орох нь гарцаагүй.
“Аав”: Түүний эцэг Дагвын Отряд. Архангай аймгийн Тарвагатай хэмээх газар 1944 онд төрсөн. Тэрээр 1968 оноос шүхрийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1971 онд шүхрийн спортын ууган мастер болсон юм.
“Ээж”: Түүнийг ээжийг Ч.Хишигсүрэн гэдэг. Ч.Хишигсүрэн гуай ч мөн адил тамирчин хүн. Шүхрийн спортын мастер. Тэрээр Солонгост “хараар” ажиллаж байсан бөгөөд охин нь олимпийн аварга болсны дараа ажлаа хийгээд байж байхад нь утсаар залган “таны яриа телевизээр шууд цацагдаж байгаа, бодолтой яриарай” гэснийг нь тоолгүй баярласандаа “би Солонгост “хараар” ажилладаг” гээд хэлчихэж билээ. Хамаагүй, хэлье гэснээ хэлчихдэг “хээгүй” эмэгтэй.
“Сэтгүүлийн нүүрэн дээр”: Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн төдийлөн харагдаж байгаагүй нэгэн зураг “UPTOWN” сэтгүүлийн нэгэн дугаарын нүүрэн дээр.
“V.I.P”: Энэ зураг Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна.
Ерөөл: Тэрбээр "Лондон 2012" оны олимпийн наадамд 10 метрийн хийн гар буун буудлагын төрөлд оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй. Харин өнөөдөр өөрийн үндсэн төрөл болох спорт гар буун 25 метрийн төрөлд өрсөлдөнө. Монголчууд бүгдээрээ ерөөл тавин, дээлийн захыг нь мушгицгаая.
24tsag.mn