Монголбанк өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Энэхүү судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5000 гаруй орон сууцны үнийг хамруулсан бөгөөд индекс 3.5 хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Үүнээс шинэ орон сууцны үнийн индекс жилийн хугацаанд 9.5, хуучин орон сууцных 13.1 хувиар буурчээ. Шинэ орон сууцны ам метрийн үнэ дунджаар хоёр сая төгрөг орчим байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар хямдарсан дүн юм. Харин хуучин хоёр өрөө орон сууцны үнэ дунджаар 80 сая төгрөг байна. Энэ нь жилийн хугацаанд 20 орчим хувиар буурсан гэсэн үг аж.