Нийслэлийн удирдлагууд өнөөдөр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй есөн цэгээс видео хурал хийж, гүйцэтгэгч компанийнхан болон иргэдийн саналыг сонслоо. Одоогоор нийслэлд 24 хэсэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй бөгөөд үүнээс 6-7 хорооллын ажлын явц тааруу байгаа гэнэ. Энэ үеэр төсөл хэрэгжүүлж буй компанийнхан нийслэлийн удирдлагуудаас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж өгөхийг хүсчээ. Тиймээс нийслэлийн төсөвт тодотгол хийж, 23 тэрбум төгрөг гаргахаар болсон аж. Үүн дээр арилжааны банкууд 70 тэрбум төгрөгийн зээлийг гүйцэтгэгч компаниудад олгох боломж бий аж. Ингээд нийслэлийн төсвийн хүүгүй эх үүсвэрийг, арилжааны банкуудын зээлтэй нийлүүлбэл одоо хэрэгжүүлж буй бүх төслийн ажлыг дуусгах санхүүгийн эх үүсвэр бүрдэх боломжтой болох аж. Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 16 мянган нэгж талбар чөлөөлөгдсөн бөгөөд 3000 айл орон сууцтай болжээ.