Гурван долоо хоногийн өмнө Монголд нээлтээ хийсэн “Жангар” хүүхэлдэйн кино хилийн дээс алхан гадаад ертөнцөд хөшгөө нээжээ. Тодруулбал, Бээжингийн олон улсын зургаа дахь кино наадмын төгсгөлд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт өмнөд хөршид “Жангар” хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн байна. Энэ үеэр уг хүүхэлдэйн киноны нэг ангийг олон нийтэд үзүүлж сонирхуулжээ. Удахгүй ОХУ-ын Буриад, Халимаг болон Тувад нээлтээ хийх гэж байгаа уг хүүхэлдэйн киног бүтээх санааг “Jangar international” ХХК-ийн захирал Х.Далай анх гаргасан бөгөөд хүүхэлдэйн киноны зохиолыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг бичсэн байна. Эдгээр уран бүтээлчидтэй киноных нь талаар ярилцлаа.
-“Жангар” хүүхэлдэйн киноны зохиолыг бичих саналыг хэн танд тавьсан бэ?
-Би “Жангар” төсөл эхэлснийг нэлээд эрт сонссон байсан. Эхлээд энэ хүүхэлдэйн киноны дууны шүлгийг бичсэн юм. Тэр шүлэг таалагдаад хоёр дахь дууных нь шүлгийг бас бичиж өгөөч гэсэн санал ирсэн. Тэгээд сүүлд энэ хүүхэлдэйн киноны зохиолыг бичих саналыг киноны багаас тавьсан. Гэхдээ “Жангар” хүүхэлдэйн киноны хувьд гурав дөрвөн зохиолч оролцсон. Тиймээс ганц хүний бүтээл биш. Өвөрмонголын СУИС-ийн доктор Х.Далай гэж залуу энэ киноны ерөнхий найруулагч, редактороор ажиллаж байгаа. Киноны зохиол ерөнхийдөө тэр хүний гаргасан шугамын дагуу явж байгаа.
-Хүүхэлдэйн кино маань үндсэн туулиасаа хэр ялгаатай вэ. Зохиолын үйл явдлын шугам өөрчлөгдсөн үү?
-Туульдаа бол Жангарыг гурван настайгаас нь эхлээд 20 нас хүртэлх үеийг өгүүлдэг. Бид Жангарыг зургаан настай байгаагаар үйл явдлыг эхлүүлсэн. Киноны 104 анги зургаан настай үеийнх нь үйл явлуудыг өгүүлсээр дуусна. Цаашдаа хүсвэл, хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл, мөн кино маань амжилттай борлуулагдах юм бол үргэлжлүүлээд хийх байх.
-Таны хувьд хүүхэлдэйн киноны зохиолоо хэр удаан бичив?
-Ер нь нэлээд хугацаа зарцуулсан шүү. Би өдрийн цагаар бичих нь ховор хүн байгаа юм. Тиймээс шөнө голдуу сууж бичсэн. Нэлээд хэд хоног нойргүй хоносон доо.
-Хүүхэлдэйн киноны нэг анги ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Нэг анги арван минут үргэлжилнэ. Нэг бүлэг арван ангитай гэхээр 100 минут болж байгаа юм. 104 анги кино гээд бодохоор нэлээд урт үргэлжилнэ. “Жангар” тууль Монголд илэрсэн нь 20, Халимагт илэрсэн нь 30, Шинжааных нь 70 бүлэг байдаг. Тэгэхээр маш урт тууль гэсэн үг. Үүнийг кино зохиол болгоход ч их урт болно. “Жангар” туулийг судлаачид өнгөрсөн, одоо, ирээдүй үеийг хүүрнэсэн, гурван цагийг хамарсан зөн билгийн шинжтэй тууль гэж үздэг юм билээ.
-Хүүхэлдэйн киноны зохиолоо бичихдээ аль эхийг нь барив?
-Нийтэд дэлгэрсэн Монгол, Шинжаан, Халимаг “Жангар”-ын нийтлэг шинжийг л тусгаж бичсэн. Энэхүүхэлдэйн киног олон улсад гаргах учир монгол туургатны нийтлэг “Жангар”-ыг л гаргахыг зорьсон. Нөгөө талаар орчин үеийн хүүхдүүдэд хэрхэн хүргэхээ бодсон. Монгол баатар, монгол туулийг таниулахын тулд харьцангуй хийсвэрлэл оруулж, харьцангуй орчин үежүүлж хийсэн. Түүнээс яг эртнийхээр нь хийвэл “Том Жерри хоёр”-ыг үзэж “Бэтмэн”-ээр хүмүүжсэн өнөөгийн хүүхдүүд хүлээж авах уу. Янз бүрийн япон анимэйшн үзсэн хүүхдүүдийн сэтгэлд буух нь учир дутагдалтай байх талтай. Тийм болохоор монгол ахуйг орчин үетэй холбосон.
-Сая “Жангар” хүүхэлдэйн кино Бээжинд нээлтээ хийлээ. Удахгүй бусад монгол туургатан улсуудад нээлтээ хийхээр зэхэж байгаа гэлүү?
-“Жангар” хүүхэлдэйн кино тавдугаар сарын 1-нд Улаан-Үдэд, тавдугаар сарын 5-нд Тувад, тавдугаар сарын 10-нд Халимагийн Элстэйд нээлтээ хийнэ. Энэ кино төслийн зорилго бол Монголын үндэсний өв соёл, Монголын түүхийг дэлхийд таниулах явдал. Бид ер нь юугаараа илүү юм, дэлхийн талыг эзэлж байсан гэж ярьдаг боловч бидний түүх соёлыг дэлхий нийт хараахан мэддэггүй. Тиймээс бид өөрсдийн үндэсний онцлогоо гаргаж олон улсад таниулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Зорилго нь ийм юм. Төслийг удирдсан “Jangar international” ХХК-ийн захирал Х.Далай, “FSM media group”-ийн захирал Э.Одбаяр, “Chimede's music” ХХК-ийн захирал М.Чимэдтогтох нар үнэхээр цаг наргүй ажилласан. Энэ гурван компанийн хамт олон нойр хоолгүй сууж байгаа. Дуу, дүрс гээд уйгагүй сууж хийж хөдөлмөрлөсөн. Хүүхэлдэйн кино гэдэг маш олон хүний хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг юм байна. Миний зохиол дээр ярилцаад л ингэнэ, тэгнэ гээд л. Тэгээд л яг гүйцэтгэж байгаа хүмүүсийн ажил маш чимхлүүр, их хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил байдаг юм билээ.
-Таны хувьд киноны зохиолыг бичихэд хэр бэрхшээлтэй тулгарав?
-Би яруу найрагч л хүн. Хүүхэлдэйн киноны зохиол бичсэн туршлага байгаагүй. Өмнө нь нэг кино зохиол бичсэн байсан. Тэр зохиол маань олон улсаас өндөр үнэлгээ авсан болохоор түүндээ урамшаад л энэ хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн.
-Кино зохиолыг тань Холливудын компани өндөр үнэлж, кино хийхээр болсон гэж сонссон. Энэ бол монгол жүжигчид Холливудад хөл тавьж байгаатай адил монгол зохиолчийн бүтээлийг Холливуд үнэлж байгаа хэрэг шүү?
Холливудын кино зохиолыг хянадаг том эксперт мэргэжилтнүүд кино зохиолыг маань үзсэн юм билээ.
-Би 2015 онд “Чингис хааны тамга буюу Индиан Жонс-5” гэж кино зохиол бичсэн юм. Тэр зохиолыг маань миний дунд сургуулийн найз уншаад, менежментийг нь хийж АНУ руу явуулсан. Ингээд кино зохиолыг маань АНУ-ын Оюуны өмчийн газар баталгаажуулсан. Кино судлаач, шүүмжлэгчдээс нь өндөр үнэлгээ авч, кино болгохыг зөвшөөрсөн бичиг надад ирүүлсэн. Холливудын кино зохиолыг хянадаг том эксперт мэргэжилтнүүд кино зохиолыг маань үзсэн юм билээ. Тэдний тодорхойлолтгүй бол кино болгодоггүй гэсэн. Тэд кино болгохыг зөвшөөрөв гэдэг бичиг хийж өгөхдөө тэрэн дээрээ зохиолыг маш нарийн задлаад, зохиолын шугам ийм байна, зохиол нь сайн, муу байна, дүрээ яаж гаргах вэ гэдэг нь хэр сонирхолтой юм гээд бүгдийг оноогоор дүгнэдэг юм билээ. Тийм бичиг ирсэн. Би тэр дагуу нь засвараа хийгээд буцаагаад явуулсан.
-Кинондоо яагаад Индиан Жонстой холбоотой нэр өгсөн юм бэ?
-1962-1963 оны үед ЗХУ, АНУ-ын хооронд үүссэн хүйтэн дайны талаар, тэр үед Чингисийн тамгын олсон нь дэлхийг эзэлдэг гэсэн сургаар орос, америк эрдэмтэд Чингис хааны тамгыг хайгаад бужигнаан үүсдэг тухай кино зохиолдоо бичсэн. Үндсэндээ Монголын түүхийг дэлхийд таниулах нууцхан далд хүсэл байсан. Тэр тамганы хүчээр монголчууд дэлхийн дөрвөн том эзэнт гүрнийг байгуулсан. Тэр дөрвөн эзэнт гүрний газар нутаг дээр хэчнээн олон том улсууд байгуулагдав гэдгийг гаргахыг хичээсэн. Тийм давхар давхар бодлоор л энэ кино зохиолыг бичсэн.
-Хэзээ кино хийх юм бол оо. Энэ талаар АНУ-аас мэдээлэл ирүүлсэн үү?
-Би бол зохиолоо бичээд л явуулчихсан. Тэр асуудлыг одоохондоо мэдэхгүй байна. Уг киноны менежер, продюссерын үүргийг гүйцэтгэж байгаа найз маань л шийднэ. Ер нь кино хийх асуудал цаад талаас л шалтгаална.
Х.Далай: Бид үүнийг хийж чадсандаа баяртай байна
-“Жангар” хүүхэлдэйн киног хийх анхны үүдэл санаа хэзээ хэрхэн төрөв?
-“Жангар” тууль бол монгол түмний төдийгүй хүн төрөлхтөний агуу өв, соёлын бүтээл. Ухаан орох цагаасаа “Жангар” туулийг сонсож өссөн монгол хүний хувьд оюутан ахуй насандаа энэ талаар бодож эхэлсэн. Энэ агуу өв, соёлыг үр хойчдоо үлдээхийн тулд орчин үеийн техник, технологийн ололт амжилтад тулгуурлан бүтээл гаргахаар зорьсон.
-Тэрхүү санаагаа ажил хэрэг болгох хүртэл хэр хугацаа зарцуулав?
-Арав гаруй жилийн хугацаанд бодит ажил болгохын төлөө зүтгэлээ. Судалгаа, бэлтгэл ажил, хөрөнгө босгох, кино бүтээх гээд нөр их хөдөлмөр, цаг хугацаа, хамт олны хичээл зүтгэлийн хүчинд өнөөдөр үр дүнгээ үзэж байгаадаа баяртай байна.
-Энэ том төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл юу байв?
-Жижиг, том гэлтгүй олон саад бэрхшээлтэй нүүр тулсан ч хэзээ ч шантарч байгаагүй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж үг бий шүү дээ. Манай төслийн баг бүрэлдэхүүн маш хүчирхэг, ямар ч саад бэрхшээлийг даван туулахын төлөө хичээж ажиллана гэдгийг хэлмээр байна.
Улаанбаатар хотод албан ёсны нээлтээ амжилттай хийснээр гараанаа гарлаа. Олон хүн “Жангар” туулиар хүүхэлдэйн кино хийх тухай, хийж байгаа тухай ярьдаг боловч одоогоор хийгдсэн зүйл алга. Харин бид чадсандаа баяртай байна.
-Сая кино тань Бээжинд нээлтээ хийлээ. Энэ талаар шинэ сонин мэдээлэл юу байна. Өмнөд хөршид “Жангар”-ыг хэр хүлээж авав?
-“Жангар” бол олон улсад хэрэгжих төсөл. Бээжингийн олон улсын кино наадамд оролцож өөрсдийн бүтээлээ танилцууллаа. Мөн Бээжинд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа амжилттай сайхан болж өндөрлөлөө. Бээжин дэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн элэг нэгт ахан дүүс болон хамтран ажилладаг байгууллага, БНХАУ-ын соёлын болон холбогдох төрийн байгууллагуудын үзүүлсэн дэмжлэгт төслийн багийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.
-Цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?
-Олон улсад, тэр дундаа Азийн зах зээлд “Жангар” төслийг гаргахын төлөө зорьж байна. Мэдээж киноны гүйцэтгэл чанараа улам сайжруулна.
-“Жангар” хүүхэлдэйн киноны дараагийн үргэлжлэлийг хийх үү?
-Үүний төлөө чадах бүхнээ хийнэ. Зөвхөн киногоор тогтохгүй.
-Монголд анх удаа ийм олон ангит хүүхэлдэйн кино бүтээлээ. Зах зээлээ хэр судалсан бэ?
-Дээр хэлсэнчлэн бид Монголын хүүхэд залуучуудад өв, соёлоо өвлүүлэн үлдээхээс гадна олон улсын хүүхэд залуус үзэгч олонд “Жангар” хүүхэлдэйн киног хүргэх зорилготой. Зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй гэсэн үг. Зах зээлийн хувьд олон улсад гарч байж үр дүнгээ үзнэ.
эх сурвалж: www.eagle.mn