Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр жижиг дунд үйлдвэрүүд байдаг. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн хэвшлийн хөгжих орчин бий болж, жижиг дунд үйлдвэр олноор байгуулагдсан юм. Эдгээр үйлдвэрүүд нь ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч банкны зээлийн хүү өндөр, урт хугацааны зээл авах боломж бага байдгаас компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дутагдаж энэ салбарын хөгжил удааширч байгаа.
“Үүнээс гадна манайд онлайн дэлгүүр гэх мэт ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй бизнес олон бий. Сүүлийн хэдэн жил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих тухай яриад байгаа хэдий ч хуулийн хүрээнд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ талын нэгдсэн зохицуулалтгүй байх жишээтэй. Энэ нь бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдал үүсгэчихэж байгаа юм” хэмээн МУИСийн Бизнесийн сургуулийн багш, судлаач Ш.Энхтуул нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тиймдээ ч ганц хоёрхон ажилчинтай, үйлдвэрлэлээ явуулахаа болиод удаж байгаа жижиг үйлдвэрүүд танилын буянаар төр засгийн зээлд хамрагдаж сууна. Эсвэл зарим нь чанаргүй, эдэлгээ муутай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хуурч, залилж байна.
Тэгвэл дээрх яриаг үгүйсгэсэн цоо шинэ брэнд монголчуудын гарт хүрч эхэлж байна. Тодруулбал, “Памперс”, “Мами поко”той өрсөлдөх монгол живхийг үйлдвэрлэж эхэлжээ . “Сүлд шонхор” ХХКийн хийж буй “Тоди” живх нь монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон бөгөөд S (36 кг), M (510 кг), L (914 кг), XL (15 болон түүнээс дээр кг жинтэй) бага насныханд зориулсан гэсэн сонголттой аж. Түүнчлэн тав, 28 болон 68 ширхэгээр савлагдан савлагдан худалдаанд гарч буй тул эцэг эхчүүд нь хэрэгцээндээ тохируулан худалдан авах боломжтой. Живхний үйлдвэрийн үнэ нь 360-390 төгрөг . Тэд чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулахыг өөрсдийнхөө зорилго болгон ажиллаж байгаа юм.
“Тоди” живх хэрхэн бүтдэг вэ?
Аливаа үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж их чухал. Тиймээс “Сүлд шонхор” ХХК ийнхэн бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаардаг учир монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон түүхий эд олохын тулд багагүй судалгаа хийжээ. Үр дүнд нь монгол хүүхдийн онцлогтой ойролцоо хүүхэдтэй таван орныг сонгон авч түүхий эдээ оруулж ирдэг болжээ. Тус компанийн ерөнхий инженер СаруулЭрдэнийн хэлснээр “Тоди” живхийг хийхдээ эхлээд түүхий эд болох мод буюу хөвөн материалыг хоёр даавуун материалын дунд хавчуулдаг. Дараа нь бүслүүрийн хэсгийг хийж, хүүхдийн биед аль болох тухтай байлгах үүднээс зөөллөж өгдөг аж. Гуравдугаарт, хүүхдийн шингэнийг шингээх гель бэлтгэдэг. Энэхүү гель нь шингэнийг гадагш нэвтрүүлэхгүй, хүүхдийн арьсыг норгохгүй байх үүрэгтэй. Эцэст нь бэлэн болсон бүтээгдэхүүнээ метал илрүүлэгч төхөөрөмжид оруулж шалгадаг аж.
Чанартай хэрнээ хамгийн хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байна
“Сүлд шонхор” ХХКийн ерөнхий захирал Т.Батмөнхтэй ярилцлаа.
-Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ. Монголд живх үйлдвэрлэх санаа хэрхэн бий болов?
-2016 оны нэгдүгээр сараас эхлэн худалдаж эхэллээ. Бид 2013 оны сүүлчээр, судалгаа хийгээд, Монголд үйлдвэрлэхэд боломжийн, хэрэглэгч олонтой, чанартай бүтээгдэхүүн нь живх юм байна гэж үзээд 2014 оны эхээр төслөө бичиж, ажил хэргээ эхлүүлсэн.
-2009-2010 онд 300 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийг үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр аж ахуйн нэгжүүдэд зээлүүлсэн. Танайх үүнд хамрагдаж чадсан уу?
-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдаж, 1.9 тэрбум төгрөгийн зээл авч байсан.
-Түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?
-Манайх АНУ, Япон, Герман, Тайваниас 18 төрлийн түүхий эд оруулж ирдэг. Аль болох гадны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр, хамгийн чанартай түүхий эдээр, хүүхдийн биед элдэв харшил өгөхгүй сайн бүтээгдэхүүн хийхийг эрмэлздэг.
-Захиалга хэр их ирдэг вэ. Танай бүтээгдэхүүнийг хаанаас авч болох вэ?
-Манай бүтээгдэхүүн зах зээлд гараад удаагүй байгаа ч борлуулалт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Одоохондоо бүрэн хүчин чадлаараа ажиллах болоогүй байна. Уг нь манай үйлдвэрийн тоног төхөөрөмж хүчин чадал өндөртэй. Тодруулбал, Монгол Улсын живхний хэрэгцээний 80-90 хувийг хангах хүчин чадалтай юм. Бүх супермаркет болон худалдааны төвүүдэд байгаа. Мөн харилцагч нараараа дамжуулан худалддаг.
-Мэдээж манай улсад хүүхдийн живхийг гаднаас импортоор оруулж ирдэг. Тэгвэл үндэсний бүтээгдэхүүний хувьд зах зээлд тэдэнтэй өрсөлдөх боломж хэр их байдаг вэ?
-“Тоди” живхний хувьд бид гадны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх бүрэн боломжтой. Өрсөлдөж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. Учир нь өөрсдөө түүхий эдээ оруулж ирээд, дотооддоо үйлдвэрлэдэг живхний үйлдвэр Монголд байхгүй . Энэ бол бидний хамгийн том давуу тал. Бусад импортын живхнүүд олон шат дамжлага дамжиж байж хэрэглэгчдийн гарт хүрдэг учир маш үнэтэй байдаг. Гэтэл бид чанартай хэрнээ хамгийн хямд үнийг санал болгож байгаа. Өөрсдөө үйлдвэрлэж, боловсруулж байгаа нь ийм давуу тал бий болгож байна.
-Гэхдээ Монголд эсрэгээрээ байх тохиолдол олон. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь үнэтэй хэрнээ эдэлгээ муутай, харин гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн хямд үнэтэй байдаг?
-Тухайн бүтээгдэхүүнээсээ шалтгаалдаг байх. Худалдан авагч багатай, салбарын зах зээл муу, олныг үйлдвэрлэх боломжгүй бол түүхий эд, материалын хохирол их амсдаг. Харин живхний салбар зах зээл дээр өрсөлдөх чадвар сайтай, олноор үйлдвэрлэх боломжтой. Сүүлийн үед монгол бүтээгдэхүүн чанаргүй гэсэн ойлголт байхгүй болж. Угаасаа чанаргүй бүтээгдэхүүн оршин тогтнох ч үгүй. Зах зээлийнхээ хуулиар арчигдаад явж байгаа .
-Танайх их том үйлдвэртэй юм. Нийт хэчнээн ажилтантай вэ. Энэ салбарын боловсон хүчин манайд хэр бэлтгэгдэж байна вэ?
-Үйлдвэртээ 20-иод ажилтантай. Ажилчдаа бүгдийг нь өөрсдөө бэлтгэж сургаж авсан. Ер нь монголд жижиг үйлдвэрлэлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр сул байдаг. Бараг бэлддэггүй гэхэд болно.
-Дотооддоо үйлдвэрлэл явуулахад хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Эдийн засгийн хүчин зүйл гэж бий. Үүнд, инфляци, татварын бодлого, төгрөг болон ам.долларын ханш зэрэг багтана. Яг өнөөдрийн байдлаар эдгээр үзүүлэлтүүдийг харахад манай макро орчин тийм ч таатай биш байна. Ер нь манайд хувийн хэвшил тэр дундаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого дутмаг байдаг. Тэдний өрсөлдөх чадварыг сайжруулахад барагтай бол анхаардаггүй.
-Гэхдээ төр засгаас сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг эрчимжүүлж байна. Энэ нь эзэндээ хүрч чадахгүй байна гэж бодож байна уу?
-Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна. Гааль, татвараас хөнгөлөгдөж байгаа нь бидэнд асар их тус шүү дээ. Үүний хажуугаар дарамт болдог хэд хэдэн зүйл байна. Жишээлбэл, хүнд суртал, авилгал, зээлийн хатуу нөхцөл гэх мэт. Яг бодитой үйл ажиллагаа явуулж буй хүмүүстээ зээлийн батлан даалт гаргаж өгвөл ЖДҮ бол хамгийн хурдан хөгжих боломжтой салбар юм.
-“Өд” ариун цэврийн цаасыг мөн адил үйлдвэрлээд удаагүй байгаа ч Монголчууд хэдийнээ сайн мэддэг болж?
-Тийм ээ. “Өд” зах зээлд худалдаалагдаж эхлээд ердөө гуравхан жил болж байна. Гэсэн хэдий ч монгол айл өрхийн өдөр тутмын ахуйн хэрэглээ болж чадлаа. Үүний нууц нь бид ОХУаас оруулж ирдэг цэвэр модоор цаасаа хийдэгт оршдог. Зөвхөн мод, ус хоёроор л хийдэг болохоор Монголын хамгийн чанартай ариун цэврийн цаас гэж нүүр бардам хэлж чадна.
Эх сурвалж: www.mongolnews.mn