Өнгөрсөн сарын гадаад худалдааны үзүүлэлтийг Монголбанкнаас танилцууллаа. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Үүнээс экспорт 959, импорт 599 сая ам.доллартой тэнцлээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 360 сая ам.долларын ашигтай гарав. Төгрөгийн ам.долларын ханшид нөлөөлдөг гол үзүүлэлтүүдийн нэг болох гадаад худалдааны тэнцэл 2014 оны долдугаар сараас хойш эерэг үзүүлэлттэй байгаа юм. Экспортын 88 хувийг уул уурхайн салбар эзэлж буй бол мал аж ахуй дөрөв, газар тариалан нэг, аж үйлдвэрлэлийнх найман хувийг эзэлж байна. Мөн 413 мянган тн зэсийн баяжмал экспортолсон нь нийт экспортын тал хувийг дангаараа бүрдүүлж буй юм. Харин импорт өнгөрсөн оны мөн үеэс 100 орчим сая ам.доллароор буурлаа. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 10 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.