богино мэдээ New

Оюутолгой ирэх сараас монгол ажилчин авч эхэлнэ

Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж монгол ажилчдыг шалгаруулж авахаар болжээ. .

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт хамгийн багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир ирэх сараас эхлэн Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж монгол ажилчдыг шалгаруулж авахаар болжээ. 

Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ "Оюу Толгой дээр ажил өөдрөг байгаа. Зорьж очсон хэн ч тэнд бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж байгааг харж болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх бэлтгэлийг одоогоор хангаж, энэ зунаас шинээр 100 гаруй иргэнийг ажлын байртай болгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалт энэ жилээс эрчимжснээр шинээр 3000 ажлын байр бий болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм.

“Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд "Олон улсын санхүүгийн корпорацийнхан өнгөрсөн долоо хоногт мөнгөө шилжүүлснээр захиран зарцуулах процесс эхэлсэн. 14 банкны зөвхөн нэг нь гэсэн үг. Бусад банк нь тохирсон графикийнхаа дагуу мөнгөө шилжүүлнэ. Зарим санхүүжилт нь ирэх онд орж ирнэ. Нэлээд олон жилийн турш зарцуулагдах мөнгө шүү дээ.

Оюутолгойн уурхайтай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Манай Монголоос тун удахгүй бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ. Элс, хайрга, бетон, цемент, хоол хүнс, ажилчдын хувцас, засвар үйлчилгээ гээд өчнөөн олон үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүд хариуцна. Өмнө нь Монголд байгаагүй их хэмжээний орлого орж ирнэ гэж ойлгож болно. Оюутолгойн төсөл анх эхлэхэд эдийн засагт ямар том хаялгатай байсныг бид мэдэрсэн шүү дээ. Эдийн засаг нь жилийн 17 хувиар өсч, 10 хүрэхгүй жилийн дотор бараг хүн болгон машинтай болсон, өчнөөн олон барилга баригдсан. Зөвхөн Оюутолгой биш, Тавантолгой, хориглоод байсан “Урт нэртэй” хуулийн нөлөөгөөр бий болсон том, жижиг уурхайнууд нийлээд эдийн засгийг 17 хувиар өсгөсөн л дөө. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн учир ирэх 5 дугаар сараас монгол ажилтнуудыг нэмж, шалгаруулж авна" гэжээ. 

Түүнчлэн ирэх сарын эхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний ээлж буюу тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт монголын эдийн засагт орж ирэх эерэг мэдээлэл бий. Энэ нь эдийн засгийн удаашрал болоод ам.долларын ханшид эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт бий болгоод байна.

 

Т.БАТСҮРЭН

www.medee.mn