Энэ онд улсын хэмжээнд үр тариа 323, төмс, хүнсний ногоо 20.8, тэжээлийн таримал 16.3, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тариалахаар болсон талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ингээд нийт 385 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо болон бусад ургамал тариалах аж. Тариалалт хийхэд 30 орчим мянган тн үрийн буудай дутагдаж байгаа гэсэн мэдээ бий. Тиймээс импортын үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ), шинэ техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгаалах бодисыг НӨАТ-аас чөлөөлүүлжээ. Мөн тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15 мянган тн, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид дөрвөн мянган тн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон байна.