Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын байдлаар 11.8 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар өсчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 967 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 73 хувиар өслөө. Энэ нь нийт зээлийн 8.2 хувийг эзлэх дүн юм. Мөн чанаргүй зээлийн хэмжээ 965 тэрбум төгрөг болж, нийт зээлийн 8.2 хувьд хүрэв. Ийнхүү хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 2014 оны сүүл хагасаас хойш тасралтгүй өссөөр байна. Гэхдээ Монголын банкуудын холбооныхны таамаглаж байсан шиг нийт зээлийн 10 хувьд хүрээгүй байгаа юм.