Сэтгүүлч Б.Амаржаргал
Монголбанк өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг (ОСҮИ) танилцууллаа. Уг судалгаанд өнгөрсөн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийлсэн 5.084 орон сууцны үнийг хамруулжээ. Уг индекс гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буурсан дүнтэй гарсан байна. Орон сууцны үнэ 2014 оны гуравдугаар сараас хойш тасралтгүй хямдарч буй юм. Ялангуяа хуучин орон сууцны үнэ огцом доошилсоор байгаа аж. Тухайлбал, 2014 онд 100 сая давж байсан хуучин хоёр өрөө байр өнгөрсөн сарын дунджаар 81 сая төгрөг болжээ. Хуучин орон сууц хоёр жилийн хугацаанд 20 гаруй хувиар хямдарсан. Мөн шинэ орон сууцны үнэ ч хямдарч буй юм. Гэхдээ хуучныхыг бодвол аажмаар буурч байна. Өнгөрсөн сарын байдлаар шинэ орон сууц метр квадрат нь хоёр сая төгрөгийн үнэтэй байгаа аж.