Сэтгүүлч Б.Анхжаргал
Манай улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 88 хувьд хүрсэн дүн юм. Харин зарлага 1.7 их наяд, алдагдал 615 тэрбум төгрөг болсон байна. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахад татварын бус орлого 150, хувь хүний орлогын албан татвар 15 тэрбум төгрөгөөр дутсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, энэ онд төрийн өмчийг хувьчилж 180 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлнэ гэж тусгасан. Гэтэл энэ ажил одоогоор эхлээгүй байгаа юм. Мөн гадаадын зээл, тусламжийн орлого буурсан нь үүнд нөлөөлжээ. Харин НӨАТ болон нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар төлөвлөсөн хэмжээнээс давсан байна.