Пиренейн хойгийн дорно умард захад орших Испанийн харьяа Каталоны өөртөө засах орны иргэд тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулах хүсэлтэй байгаа юм. Каталончууд ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Испаниас тусгаар тогтнохын төлөө бүх нийтийн санал хураалт явуулахаар төлөвлөсөн бөгөөд Каталоны тэргүүн Артур Мас өнгөрсөн бямба гаригт бүх нийтийн санал хураалт явуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Гэвч Испанийн Үндсэн хуулийн шүүхээс Каталонд бүх нийтийн санал хураалт явуулах орон нутгийн эрх баригчдын хүсэлтийг зөвшөөрөөгүй байна. Испанийн Үндсэн хуулийн шүүхээс Каталоны тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт нь тус улсын Үндсэн хуульд харш гэж үзжээ.
Испанийн хамгийн чинээлэг, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бүс нутаг болох Каталон тусгаар тогтнохоор тэмцэж эхэлсэн нь тус улсын эдийн засгийн хямралд нөлөөлөх болжээ. Испанийн хүн амын 16 хувийг Каталоны оршин суугчид эзэлдэг байна. Каталоны бүс нутагт тусгаар тогтнолыг хүссэн үзэл санаа эртнээс нааш байсаар ирсний дээр 1930-аад онд гарсан Испанийн иргэний дайны улмаас Мадрид болон Барселоны хоорондох дайсагнал улам нэмэгдсэн аж.