Сэтгүүлч Л.Баатархүү
УИХ-ын гишүүд сүүлийн хэд хоног "Шүүхийн багц хуулийн төсөл"-ийг "айхтар" нухацтай хэлэлцэж байгаа. Уг шинэ төсөлд нэлээд гажуудал, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, цагаан захтнууд хуулийн цоорхой, хяналт сул байдлыг ашиглаж хууль бусаар хөрөнгөжих, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож буй талаар зарим гишүүд эсэрцүүцэж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус багц хуулийн төслийн талаар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна.
Шинэ төслийн гол өөрчлөлтөөр авлигал албан тушаалтныг өөхшүүлэх, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай, байгалийн баялгийг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг Улсын дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх гэж байна. Энэ бол маш ноцтой зөрчил.
Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдийн гэмт хэргийг хаацайлах зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна.
Дээд шүүхийг "Онолын шүүх байна" гэх нэрийдлийн дор иргэний давж заалдах боломжийг байхгүй болголоо.
Уг хуулийн төсөл батлагдснаар Монгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орно.
Эдийн засгийн маш том гэмт хэргүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх, шийдвэр боломжгүй болгож байна. Товчхондоо олонхи өөрсдөдөө маш ашигтай хуулийн төсөв болосруулчихлаа.
"Шүүхийн багц хуулийн төсөл"-ийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж, өнгөрсөн жил Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн 80 хувийг өөрчилсөн.
Нийт сэтгэгдэл 0