“Эрдэнэт” үйлдвэр халуун хоол хөтөлбөр бус хүйтэн, чанаргүй хоол хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв үү
Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
“Монголын саалийн үнээ”-ий нэг гэгдэх “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид тун удахгүй хоолны асуудлаас болж “тэсрэхэд” ойрхон байна. Энэ үйлдвэр саяхнаас “Халуун хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэтэл харамсалтай нь халуун хоол биш хүйтэн, чанаргүй, цэцэрлэгийн хүүхдийнхээс ч дор гэмээр хэмжээтэй хоолоор үйлчилж байгааг үйлдвэрийн ажилчид ноцтойгоор шүүмжилж байна.
Ялангуяа Засвар механикийн заводын ажилчдын өдрийн хоолыг өнгөрсөн сараас тендерт шалгарсан гэх “Таятан фүүд” гэдэг компани хийж, үйлчилж байгаа аж. Гэвч уг компани хоолны нэр төрөл бага, амт чанар муу, хэт их хуурсан, өөх тос ихтэй, ажилчдаас хоолны чанарын талаар судалгаа хүртэл аваагүй, ээлжийн хоол маш муу зэрэг асуудалд өртөв. Мөн өдрийн зөөврийн хоол нь хөрчихсөн, өчнөөн утасдуулж байж авчирдаг талаар эх сурвалжууд хэллээ.
Монгол ардын зүйр үг хүртэл бий. “Өлсгөлөн хүнээр ажил бүү хийлгэ” гэж. Хүнд үйлдвэрийн ажилчдыг аль болох уургийн агууламж ихтэй, халуун, тэжээллэг холоор хангахгүй бол эрүүл мэнд, ажлын бүтээмж муудах гээд олон сөрөг нөлөө гарч болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулж буй юм.
Ажилчид ингэж бодитоор сэтгэл дундуур байгааг хүнсний эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэл та яагаад анзаарч, мэргэжлийн хандсангүй вэ. Эсвэл танд зориулсан тусгай үйлчилгээний сайхан хоолны амт, үнэрт “ховсдуулчихав” уу?
Ц.Оюунгэрэл эмч “Тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт, хяналтын явцад Хүнсний аюулгүй байдлын стандарт, нийтийн хоолны үйлчилгээний журмыг мөрдөж, ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа” гэснийг үйлдвэрийн албан ёсны олон нийтийн хуудаст мэдээлжээ.
Үйлдвэрийн удирдлагууд энэ асуудлыг намжаах арга сүвэгчилж байна
Ажилчдын дунд гарсан энэ асуудлыг үйлдвэрийн удирдлагууд намжаах арга аль хэдийнэ сүвэгчлээд эхэлжээ. Тухайлбал, “Одоо зургийг нь эвлүүлэг юм биш үү, гомдлыг нь үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад шүүмжиллээ” гэх мэдээллийг олон нийтэд түгээх талаар ярилцаж байгааг эх сурвалжууд дуулгав.
Үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй олон хүний халуун хоолны асуудал гэдэг тоглоом биш. Өчнөөн хүн зэрэг хордож болдгийг хэдхэн жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-т гарсан 200 гаруй хүний хоолны хордлого батлана.
Нөгөөтэйгүүр хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Таятан фүүд” гэх эл компани тендерт хэрхэн яаж, ямар давуу байдалтайгаар шалгарав гэдэг нь анхаарал татаж эхэллээ. Чанаргүй, ажилчдын сэтгэл гонсойлгосон хоолны асуудал гарахтай зэрэгцээд тус компанитай хамт тендерт оролцсон компаниуд шүүхдэлцэж, зарга хийж эхэлсэн байна.
Зарим ажилтан хэт шарсан хуурсан, чанаргүй хоолноос болж ходоод нь хямрах, өвдөх, бөөлжих зэрэг сөрөг зүйлүүд үүсэж, эмчилгээ хийлгэж буй аж.
Энэ бүх баримт ажилчдын гомдол санал байсаар байтал хэдэн ширхэг хоолны халуун сав худалдаж аваад шинэ саванд хоолоо хийж байгаа зураг татуулаад ч асуудал шийдэгдэхгүй. Үйлдвэрийн дүүрэгт ажиллаж байгаа ажилчдад халуун хоол нийлүүлэх тендерийн гурван багцад хоёр компани шалгарчээ. “Хаан Хүнс-Эрдэнэт”, “Таятан фүүдс” ХХК. Энэ хоёр компани нийлээд 5800 ажилчнийг хооллож байгаа юм байна.
“Хаан хүнс-Эрдэнэт” ХХК-ний хувьд хуучин ажлаа үргэлжлүүлж 4800 орчим ажилтныг дангаараа хооллож буй. Харин үлдсэн ажилчдыг хооллож байгаа “Таятан фүүдс” ХХК нийтийн хоолны салбартаа нэг жил ч хүрэхгүй “нимгэн” намтар, түүхтэй.
Тэгэхээр энэ бүхнээс харахад хүний аминд ч хүрч болдог нийтийн хоол үйлдвэрлэлийн ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нэгдүгээрт туршлагагүй компанид даатгасан, хоёрдугаарт хүн хүчнээсээ давсан ачаалал нэг компанид үүрүүлж энэ нь эргээд өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нь нөлөөлөн ажилчдын гомдлыг үүсгэж байх магадлалтайг мэргэжлийн хүмүүс ярьж байна.
Одоогоос 10 хоногийн өмнө хуванцар саванд зөөврийн хоол хийдэг байжээ. Ажилчдын шүүмжлэл гарангуут хоолны халуун саванд хийж эхэлсэн гэнэ. Хүнсний зориулалттай хуванцар сав байдаг ч /PP5/ энэ саванд халуун хоол хийх хориотой. Ийм төрлийн саван дахь химийн нэгдлүүд халуунд нэн ялангуяа тосонд амархан уусч, задардаг. Хэвлэлээр гараад эхлэв үү үгүй юу хуванцар савнуудыг солиулж “Нүглийн нүдийг гурилаар хуурсан” ч байдал дээрдэхгүй байгааг ажилчид хэлсээр байгаа юм.
Үргэлжлэл бий...