Сэтгүүлч Ч.Ган
УИХ-ын даргын захирамжаар хуралдаж буй УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал нь төсвийн тодотгол юм. Шинэ УИХ, шинэ Засгийн газар төсвийн тодотголыг хэрхэн хийж байгаагаас ирэх жилүүдийн өнгө төрх харагдана хэмээн улс төрийн хүрээнийхэн ч ярилцаж байлаа.
Ингээд Засгийн газрын зүгээс төсөв, хөрөнгийн хүнд нөхцөл байдал үүссэн гэгдгийг олон нийтэд мэдээлж, тансаг хэрэглээг нэлээд танасан төсөв оруулж ирэв. Төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүдийн цалинг 30 бууруулах, утас болон унааны зардалд нь хязгаар тавих, татваруудыг нэмэгдүүлэх гэх зэрэг олон шийдлүүд тусгасан тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэв.
Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд өдрөөс өдөрт ядуурч буй иргэдийнхээ халамжийн үйлчилгээг хасаж танах, иргэдийнхээ төлдөг татварыг нэмэгдүүлэн мөнгө босгох гэсэн санал нь УИХ-д төдийлөн таалагдсангүй. Арга ч үгүй биз. Хэдийгээр хамгийн сүүлийн гэж хэлж болохоор арга нь энэ ч гэсэн ард иргэдээ бодох нь эцсийн бөгөөд туйлын зөв зам билээ. Тиймээс МАН-ын бүлэг дээрх төсвийн тодотголыг хоёр ч удаа ээлжит бусаар хуралдан байж хэлэлцэн шийдвэрлэж Засгийн газарт улс төрийн шийдвэр гаргаж хүргүүлсэн юм. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж Засгийн газар намын бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрийг хүндэтгэж үзэж хүлээн авахаар боллоо гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан татвартай холбоотой бүх заалтыг Засгийн газар буцаан татахаар болсон талаар мэдээлсэн юм.
Ингэснээр Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн төсвийн тодотголын тухай хуулиас хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, архи тамхины онцгой албан татварыг нэмэх, үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэх санал буцаагдаж байна.
Мөн Засгийн газраас бүлгийн гаргасан шийдвэрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байхаар шийдвэрлэв. Ийнхүү хүлээлт маргаан дагуулаад байсан төсвийн тодотгол нэг талдаа багтлаа. Хэдийгээр төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа, өмнөх засгаас маш их хэмжээний өртэй, алдагдалтай сан хөмрөг хүлээж авсан ч иргэдээ нэн түрүүнд тавих бодлогыг засаг болон намын бүлэг дэмжлээ. Энэ нь ч зөв алхам болсон гэдгийг иргэд хэлж, ярьж байна. Гэхдээ оны дараа дахин төсвийн тодотгол яригдаж магадгүй юм. Угаасаа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед тодотгол дахин яригдахгүй гэх газаргүй билээ.
Мөн эндээс МАН-ынхан аливаа улс төрийн асуудалд нэг өнцөгөөс хандаж байгаа нь харагдлаа. Намын бүлэг болон Ерөнхий сайдын танхимын харилцаа өнгөрсөн өдрүүдэд муудсан, тэр ч байтугай Ерөнхий сайдыг огцруулахаар намын нөхөд нь гарын үсэг цуглуулж эхэлжээ гэх худал сенсааци хүртэл тарж байлаа. Харин энэ бүхний дараа бүх хариулт тодорхой болсон биз ээ.
Эх сурвалж: Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluu.com