Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
УИХ-ын дарга асан З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар сүүлийн үед өрнөөд буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийн үеэр тэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тооцоогүй, улстөржүүлсэн үйлдлийг ард түмэн, улс эх орныхоо эсрэг болж буй талаар онцоллоо. Тодруулбал, Э.Бат-Үүл "Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нийлж илт гүтгэн гуйвуулах замаар Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор үгүй хийлээ.
Энэ бол Монголын төрийн түүхэнд гарч байгаагүй үйл явдал боллоо. Тэдний хариуцлагагүй мэдэгдлээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл навсайтал уналаа. Ардчилсан намыг муу ажилласан гэж гүтгэхийн оронд улс орноо золиосонд гаргадаг ийм төр засгийг би урьд нь үзээгүй юм байна. Монголбанкины ерөнхийлөгч эдийн засгийн ямар ч боловсролгүй хүн байна.
Өөрийнхөө улсы валютын нөөцийг дэлхий дахинд хасах руу оруулж худал зарлаж байдаг. Улсын валютын нөөц хасах болно гэж байдаггүй юм. Нөгөөтэйгүүр Сангийн сайд 25.6 тэрбум ам.долларын өртэй байна гэлээ. Төр засагт ийм өр байхгүй. МАН-ыхан төсвийн бүх хөрөнгө нөөцийг өөрсдийн бизнес болгох ажиллагааг 1992, 2000 онуудад хийж байсан. Одоо дахиад төрөөр бизнес хийж эхэллээ" гэв.