Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, БНХАУ-тай хил залгаа аймгуудад мах боловсруулах үйлдвэрүүд байгуулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийж, боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортлох асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-ын Худалдааны Дэд сайд Гао Янь нар санал солилцсон байна. Мөн хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэхээр хоёр талын ажлын хэсгийг ажиллуулах, тулгамдаж буй асуудлуудыг ажлын хэсгүүдийн хурлаар шийдвэрлэх талаар ярилцжээ.
Үүнээс гадна ирэх сарын 23-27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод болох “Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн яармагт БНХАУ-ын талаас 49 мянган ам.метр талбай, 70 сая юанийн санхүүжилт гаргаж, хоёр улсын үйлдвэрлэгч, худалдааны компанийн 10 мянга гаруй төлөөлөгчийг оролцуулахаар төлөвлөсөн байна. Цаашид үзэсгэлэн яармагийг хоёр жилд нэг удаа талууд ээлжлэн зохион байгуулах санал БНХАУ-ын талаас гарчээ. Энэхүү экспог тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ БНХАУ-ын зах зээлд гаргах өргөн боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com