богино мэдээ New

Г.Гэрэлмаа: Дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас цахилгаан эрчим хүчний үнэд өөрчлөлт оруулж нэмсэн билээ. Харин энэ оноос дулааны үнийг нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад нэмэх болсон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар ЭХЗХ-ны олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Гэрэлмаагаас тодрууллаа..


-Дулааны эрчим хүчний үнийг нэмэх талаар мэдээлэл түгэх боллоо. Энэ талаар тодруулаач?
-Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифт өөрчлөлт орж нэмэгдсэн талаарх ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь энэ онд дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг нэмэх шийдвэр гаргаагүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулаагүй.

-Тэгвэл одоогийн мөрдөгдөж байгаа журмаар орон сууцны айл, өрхүүд хэр хэмжээний төлбөр төлдөг юм бэ?
-Тухайлбал, 40 ам метр хүртэл талбайтай айл өрх сард 3000 төгрөг, 41 ам метрээс 80 ам метр хүртэл талбайтай нь 5000 төгрөг, 81 ам метрээс дээш бол сард 10 мянган төгрөг төлж байгаа. Энэ журмыг Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээрх үнэ тарифаар тооцож байсан гэсэн үг.