Сэтгүүлч Н.Уранхолбоо
Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар болзошгүй аваарын зардлаар гүйцэтгэх ажлын төсөв батлах болон аймгийн 2025 оны төсвийг боловсруулж буй явцын талаар танилцууллаа.
Монгол Улсын 2025 оны төсөв хуульчлагдан батлагдсантай холбогдуулан аймгийн 2025 оны төсвийн төслийг боловсруулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 20-ны дотор аймгийн төрийн аудитын газарт хүргүүлж, аудитчилагдсан төсвийг ИТХ-д өргөн мэдүүлэх юм. Улмаар аймгийн ИТХ-ын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцүүлж батлуулна.
Хотын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд яаралтай засварлах, шинэчлэх хэд хэдэн ажлын төсвийг болзошгүй аваарын зардлаас шийдвэрлэлээ. Тодруулбал: Баян-Овоот багт байрлах КТП-448 дэд станцын трансформаторыг өргөтгөж засварлах, гурван багийн ус дулаан хангамжийн төвд ялтсан бойлерыг өргөтгөн шинэчлэх зэрэг нийт 9 ажилд 565 сая төгрөг зарцуулахаар боллоо.