Сэтгүүлч Н.Уранхолбоо
Олон нийтийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордны танхимд болсон байна. Тус хурлаар 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.4 сая тонн нүүрс экспортолж, нийт нүүрсний экспортын 40.8 хувийг дангаараа бүрдүүлж Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн амжилттайгаар 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийж буй нь энэ юм.
Тайлангийн хугацаанд компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, нүүрс ачих, экспортлох, тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйл явц сайжирсныг компанийн ТУЗ-өөс онцлон тэмдэглэсэн аж.