Монголбанкнаас үндэсний хэмжээнд "Дэлхийн хуримтлалын өдөр-2023" арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд Өмнөговь аймагт тус арга хэмжээний хаалтын үйл ажиллагааг өчигдөр хийлээ.
Арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Монголын банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын оюун ухааны академи, Мони маркет фанд ХХК, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн төслийн ажлын хэсэг оролцсон байна. Мөн хамтрагч байгууллагын төлөөллүүд хуримтлал хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл танилцуулж, “Санхүүгийн боловсрол-Бидний амьдралд” гар зураг, видео бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардуулж, Хадгаламжийн даатгалын корпорациас шилдэг тэргүүний сурагчдыг хадгаламж нээлгэх эрхийн бичгээр урамшууллаа.
Түүнчлэн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй банкны нэгжүүд болон оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, нийт оролцогчдын дундаас азтан шалгаруулж, Хаан, Төр, Голомт, Хас, Капитрон, Худалдаа хөгжлийн банкны нэгж тус бүр 50,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, гарын бэлгээр урамшуулжээ.
Эх сурвалж: Өмнөговь аймаг дахь Монголбанкны салбар