Сэтгүүлч Л.Баатархүү
Монгол Улсын эдийн засагт хамгийн том орлого төвлөрүүлэгчдийн нэг "Эрдэнэс тавантолгой" ХК-д "алга ташмаар" гоёхон үйл явдал болов. Өнгөрсөн 2023 оны шилдэг татвар төлөгчдийг энэ компани тэргүүлжээ. Тодруулбал, 2,8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж мөн компанийн үйл ажиллагаа явуулсан 13 жилийн хугацаанд төлсөн татварын 53 хувийг өнгөрсөн жил бүрдүүлсэн байна.
Энэ тоон үзүүлэлтийг Монголын татварын албанаас гаргажээ. Үүнээс гадна Засгийн газрын 362 дугаар тогтоолоор уг компанид БЭТ буюу Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож, онцгой дэглэм тогтоосон. Үүний үр дүнд компанийн санхүүгийн үзүүлэлт огцом сайжирч борлуулалт, экспортын хэмжээ нэмэгдэж, татвар хураамж төлөлт ч онцгой сайжирсан аж. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэм тогтоосноос хойш 2023 оны сүүл хүртэл 3,3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байгаа юм.
Ковидын дараах үед Монголын эдийн засагт сул зогсолт үүсэж, валютын нөөц хомсдож дүр зураг тааруухан болчихсон байв. Гэтэл энэ үед "гарын салаагаар урсаж" байсан мөнгийг харсан уу гэлтэй тус компанид БЭТ томилж хоёрхон жилийн дотор санхүүгийн онцгой эерэг үзүүлэлт харуулж чадаж байгаад "Браво" гэмээр санагдана.
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийг 2010 онд байгуулж, дараа жил нь долоодугаар сараас нүүрсээ борлуулж эхэлсэн байдаг. Гэвч 2022 он хүртэл 3,1 их наяд төгрөгийн татварыг улсад төвлөрүүлжээ. Ажилласан 11 жилийн хугацаанд ийм хэмжээний л татвар төвлөрүүлж. Гэтэл онцгой дэглэм тогтоогоод ердөө хоёр жил хүрэхгүй хугацаанд 2,8 их наяд төгрөгийн татвар төлсөн гэхээр гарын салаагаар төр, ард түмний боломж урсаж байсан юм биш биз гэх хардлага төрнө.
Нэг ёсондоо 2022 оны аравдугаар сарын 26 хүртэл энэ компанид санхүүгийн сахилга бат тааруухан, нууцын зэрэглэлтэй гэдэг нэрээр долоо, найман өндөр дүн бүхий гэрээ хийгээд хав дарчихсан байдалтай байв.
Ямар ч эрүүл ухаантай хүн харсан нягт, нямбай, санхүүгийн сахилга баттай байвал эдийн засагт ямар хэмжээний том нэмэр үзүүлж болдгийг наад захын татвар төвлөрүүлэлтээс харж болох жишээний. Нөгөөтэйгүүр эл компанид 1100 ажилтан ажилладаг. Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч, хамтран ажилладаг өчнөөн компани, аж ахуй нэгж бий. Энэ хэрээр тус компаниас эдийн засагт "мега" өсөлт нийлүүлж байгаа гэсэн үг.
Товчондоо, БЭТ ажиллахаас өмнө түмний нүднээс далдуур төрийн "хормой" доогуур их л мөнгө нууцаар урсаж байж дээ.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 6 сар
Сайн байна шдэ. Их л сорж байж дээ