Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Эрх баригч, Монгол Ардын Нам (МАН)-ын уламжалалт, стандарт ажиллагааны нэг үргэлжилдгээрээ үргэлжиллээ.
Тодруулбал, тэд барьж барьж, хашиж хашиж сонгууль болох, санал хураахаас 2-3 сарын өмнө ард түмэнд таалагдах, сэтгэлд нь “сүү дусаах” аргуудынхаа нэгийг уламжлалын дагуу хийв.
Цалин тэтгэвэр нэмнэ. Энэ үг хүн бүрт таатай сонсогдож, “Эвий эрх баригчид минь сайн ажиллаж байна” гэх сэтгэгдэл автоматаар хэн бүхэнд буудаг. Сэтгэлзүйн ийм тактикийг МАН-ынхан асар сайн мэддэг учраас санал хураахаас хэдэн хоногийн өмнө 10 хувийн нэмэгдлээр баярлуулдаг юм.
Өнөөдрөөс эхэлж:
- Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэх аж.
Мөн түүнчлэн, орон нутгийн нэмэгдэл гэж бас бий.
Үүнд:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авахаар тусгаж.
Нүдэнд дулаахан, сэтгэлд таатай энэ мэдээ төрийн албан хаагчдын амьдралд таатай сонсогдоно. Гэхдээ, асуулт байна. Яагаад заавал сонгууль болгоны өмнө ийм арга хэрэглэдэг вэ.