Сэтгүүлч Н.Уранхолбоо
Улсын Их Хурлын /УИХ/ Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанд "Эрдэнэс тавантолгой" ХК мэдээлэл өглөө. Тодруулбал, тус компани онцгой дэглэмийн үед хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн болон бусад мэдээллийг өгсөн байна. Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ЭТТ ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.
Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан. Уг дэглэм тогтоосон таван сарын хугацаанд борлуулалтыг 4.1 дахин, нүүрс тээврийг 3.9 дахин экспортыг хоёр дахин нэмэгдүүлж нийт 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тн нүүрс борлуулсан байна.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мян.тн нүүрсийг $53.9 сая-р борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр худалдсанаар тн тутмыг 178.6-182.1 ам.доллароор борлуулжээ.
Өнгөрсөн 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-г 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс долооон сая тноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн аж. Харин энэ оны төсөвт тус ХК 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон боловч гуравдугаар байдлаар 7.5 сая тн нүүрс борлуулж оны төгсгөлд 24-30 сая тн нүүрс борлуулахаар зорин ажиллаж байна.
УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.